Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Өөрөө өөртөө гэрэл бол
2013 оны 11 сарын 27 [Уншсан тоо: 69482]

“Агнистын гэгээ” цуврал №11


Буддын сургаал
Ошо багшийн тайлбар

Амьдрал бол сарнай цэцгээр хучсан ор биш, асар ээдрээтэй замнал юм. Энэ ертөнцөд жинхэнэ утгаараа амьдарна гэдэг үнэхээр ховор тохиол. Төрөх нэг хэрэг, амьдрах өөр хэрэг. Төрөх нь биологийн утгатай бол амьдрах нь сүнслэг утгатай. Сүнслэг болохоос нааш хүн амьдрахгүй. Биологийн төвшнөөс сүнслэг төвшинд, ахуйгаас ухамсарт, үзэгдлээс мөн чанарт, цаг хугацаанаас цаггүй мөнхөд, гадна талаас дотоод чанадад шилжихэд үлэмж зай, аз эз сорьсон аялал бий. Тийм учир Будда энэ сударт хорин бэрхийг өгүүлжээ. Эдгээр нь сэрэмжлүүлэг биш, харин урилга дуудлага юм. Хималайн хорин өндөр оргилд тэрээр урин дууджээ. Доод хөндийд үлдэх хэрэггүй. Хөндий тухтай бөгөөд баталгаатай байж болно. Гэвч тухтай амьдрал чинь тухтай үхэл төдий. Хөгширч элэгдэхээс биш хөгжиж цэцэглэхгүй. Хөгжихийн тулд сорилт хэрэгтэй. Буддагийн дуудлагыг хүлээн авч байж л чи жинхэнэ хүн болно. Эдгээр нь өнгөн талдаа эгэл төсөрхөн харагдаж магад. Гэвч Будда ялих шалихгүйг хэзээ ч өгүүлдэггүй. Эглийн гүн рүү ороод чи эгэлгүй бэрхийг сэхээрэх буйза.



Энэ судар луу орохын өмнө нэг зүйлийг сануулъя. Үнэний эрэл бол боломжгүйн эрэл юм. Боломжгүйд тэмүүлэхийг шашин гэдэг. Гэвч боломжгүй нь боломж болон хувирдагт утга учир оршино. Түүний тулд чи өөрийгөө өргөл болгохоос аргагүй. Амьдрал гэж нэрлэдэг юмсаа зольж байж л Буддагийн жинхэнэ амьдрал, Есүсийн дахин төрөлтөд хүрнэ. Тэр бол орон, цагийн эрхшээлд үл автах онгон дагшин, мөнхийн хутаг юм. Боломжгүйг эгээрч, боломжгүйд тэмүүлэгтүн!

Энэ ертөнцөд хэрэгжүүлэхэд бэрх хорин зүйл бий:
Үгээгүй ядуусын хувьд өглөг үйлдэх нь бэрх.

Өөрт байхгүй зүйлийг өрөөлтэй яаж хуваалцах вэ? Өрөөл бусдад өгөхийн тулд эхлээд өөрт байх ёстой. Энгийн энэ үнэнийг бид үргэлж мартаж явдаг. Хайр байхгүй мөртлөө өрөөлийг хайрлагч болох гэж яддаг хүмүүсийг би эргэн тойрноо хардаг. Асрал хайраа түгээж байна гэж тэд мөрөөддөг байх. Ачир дээрээ зовлон лайгаа л түгээдэг. Өөрт байгаагаа л бусдад өгч таарна. Өгөөмөр буянтан болохын тулд эхлээд өөрөө хайраар бялхах учиртай. Үгүй бол хайраа хуваалцаж байна гээд ганцаардлаа хуваалцана. Бурханлагийг хуваалцаж байна гээд бузрыг хуваалцана. Дотоод шимийг хуваалцаж байна гээд өнгөн гадрын тоос шороогоо хуваалцана. Тэд дотоод шимийн эх булгийг өөрөөсөө нээгээгүй шүү дээ. ’Үгээгүй хүн’ гэдгийн утга үүнд бий. Үгээгүй хүний тухай Будда ярихдаа хөрөнгө мөнгөгүй хүнийг биш, харин дотоод баялаггүй хүнийг хэлсэн юм. Халгиж цалгисан хүн л өглөг үйлдэх боломжтой. Халгиа нь өөрөө өглөг болно.

Үгээгүй хүний хувьд өглөг үйлдэх нь бэрх.

Үүнийг нөгөө талаас нь бас санууштай. Өглөг үйлдэж чадахгүй байгаа бол чи ядуу хоосон байна гэсэн үг. Бусдын нүдэнд од болж харагдлаа ч дотоод гүндээ гуйранч явах нь бий. Гадна талдаа орох орон, оочих аягагүй бадарчин байлаа ч оршихуйн уянга найраг, элбэрэл хайрыг сэрж мэдсэн нэгэн байж болно. Хүсвэл чи түүнийг түгээж болох, харин хэн ч чамаас булааж болдоггүй нь жинхэнэ баялгийн шалгуур. Амийг чинь хөнөөвч хайрыг чинь тэд хөнөөж чадахгүй. Хайр бол та нарын ’амьдрал’ гэж нэрлэдэг зүйлтэй харьцуулшгүй агуу. Амь амьдралыг бусниулахад хялбар. Толгой руу чинь нэг цохиод, эсвэл зүрхэнд чинь сум зоогоод гүйцээ. Чинхүү хайрыг эвдэн сүйтгэх зэвсэг үгүй. Тэр бол цаг хугацааны ертөнцөд хамаардаг зүйл биш.

Эд мөнгө, эрх мэдэл, нэр алдар, өмчилж зуурсан бүхнийг чинь булааж болно. Зуурах тусмаа чи ядуурдаг, харамлах тусмаа айдас хүйдэст автдаг. Баян гэгдэх хүмүүс үргэлж айж сэртэлзэж явдаг. Өмч баялгаа хэзээд алдаж болохоо мэдэрдэг учраас тэр. Хорвоогийн найдваргүй, баталгаагүй нь тэдний зүрхийг өт хорхой шиг мэрж байдаг. Жинхэнэ баян хүн дотоод огторгуйдаа цэцэглэдэг. Тэрээр хурын улирлаар нүүх үүлс мэт хэн дээр ч асгарахдаа бэлэн, эсвэл цоморлигоо дэлгэх цэцэг мэт аясын салхиар анхилгаа түгээхэд бэлэн явдаг. Өөрөө дэлгэрээгүй байж өрөөлийг тэтгэх бэрх, үнэн хэрэгтээ боломжгүй гэдгийг Будда сануулжээ. Амин хувьдаа ч жаргал амсаагүй хүн бусдыг юугаар гялайлгах вэ? Өөрийгөө хайрлаагүй хүн өрөөлийг яаж хайрлах юм? Хайр гэхээр заавал бусдад дулдуйдах юм шигээр хүмүүс эндүүрдэг. Үзэгч үгүй байсан ч бүжиглэж, сонсогч үгүй байсан ч дуулж болдог атал хэн нэгэнгүйгээр хайрлаж болохгүй гэж үү?

Эхлээд бусдаас хамааралгүй хайрыг өөртөө бүтээ. Өрөөндөө ганцаар сууж байхдаа хайрын долгионыг эргэн тойрноо үүтгэ. Далайд сэлж шумбаж байгаа шиг түүндээ бүжиж, баяс. Эхэндээ чамд хачин жигтэй санагдаж магад. Өрөөгөө хайрын энергиэр дүүргэхэд эргээд чам руу долгион ойж, баяр таашаал мэдрүүлнэ. “Энэ үнэн явдал уу? Эсвэл би өөрийгөө ховстож, хуурч байна уу?” гэж эргэлзэх байх. Хайрлаж, хайрлуулахын тулд амраг садан, анд найз гээд л өөр хэн нэгэн хэрэгтэй гэсэн үзэл бодолд бид хүлэгдсэн болохоор тэр. Өрөөл бусдаас хамаарсан хайр бол ядмаг хайр. Өөрөө өөрөөсөө ундраасан энерги л чинхүү хайр юм. Хаа явсан газраа өөрийгөө хүрээлсэн хайрын далайг дагуулж яв. Тэгвэл чамаас өвөрмөц анхилга, цэнгэг эрчим цацарч эхэлнэ. Хэн нэгний гарыг барихад түүний бүх биеэр долгион тархана. Дэргэд чинь байсан хүн ямар ч шалтгаангүй баяр баясгаланг мэдэрнэ. Үүнийг чи өөрөө ажиглах боломжтой. Өглөг үйлдэхэд бэлэн болсон тэр үедээ сав болж чадах бусдыг эрвэл зохино…
    
Хүчтэй, баян хүмүүсийн хувьд мөрийг олох нь бэрх.

Тийм ээ, тартагтаа тулсан хүмүүс л Бурханд сөгддөг. Эрх хүч, эд баялагтай хүмүүс хорвоогийн амжилтандаа эрдэж, омог бардам явдаг. Итгэл найдвараа алдаж, цөхөрч гансарсан үедээ л хүн Бурханыг санадаг. Гэвч дээдийн дээдэд хүрэх хүч сул дорой сэтгэлээс яаж гарах вэ? Дуу хоолой чинь Бурханд хүрэхийн тулд чи өөрөө хүчирхэг байх учиртай. Эрч хүч, урам зоригоор дүүрэн, ертөнцийн оргилд байх үедээ л Бурханыг санаж, үнэнийг эрвэл зохино. Даанч энэ нь бэрх хэмээн Будда хэлжээ.

Би нэг жаалаас асуусан юм:

    - Бурханыг чи хэзээ санадаг вэ?
    - Би шөнө бүхэн санадаг - гэв.
    - Тэгвэл өглөө санадаг уу? гэхэд,
    - Өглөө санахын хэрэг юу байгаа юм? Шөнө би айдаг болохоороо л залбирдаг -гэж билээ.

Жаалхүүгийн хандлага бол бүх нийтийн хандлага. Өвдөж зовж, айж түгшихээрээ л та нар сүжигтэн болдог. Өтөлж доройтож, үхлийн ирмэгт ирэхээрээ Бурханыг сая санадаг. Хүмүүс намайг “Хэтэрхий залуу хүмүүст авшиг хүртээх юм” гэж шүүмжилдэг. Авшиг, сахилыг хөгшчүүл хүртдэг гэсэн үзэл бодол нийгэмд ноёлоостой. Хүмүүс үхэх хүртлээ Бурханыг хойшлуулдаг. Хорвоо ертөнцийн хэрэгтэй, хэрэггүй юм бүхнийг жагсаасны сүүлд Бурханыг тавьдаг. Хамаг цэнэгээ шавхсаны дараа л үнэмлэхүй оргилд тэмүүлнэ гэж үү? Авшиг бол эрч хүчтэй идэр залуу хүнд л тохирох зүйл.

Энэтхэгт үеэс үед улирсан хэвшмэл ойлголтыг Будда эвдэж, авшиг сахилыг залуу үе рүү эргүүлсэн юм. Хиндү уламжлалд хүний амьдралыг дөрвөн үед хувааж үздэг. Амьдралын математик загварыг Ману сэджээ. Эхний хорин таван жил нь мэдлэг боловсрол эзэмших үе. Удаах хорин таван жил нь хорвоогийн аж төрөл буюу гэр бүлийн амьдрал. Гуравдах хорин тав нь эгэл амьдралаас хөндийрөх бэлтгэл буюу үр хүүхдээ бие даахад нь тусалж дэмжих. Тэгээд сүүлийнх нь эрч хүчээ барж, үхэх дөхсөн үедээ Бурханд өөрийгөө зориулах гэнэ. Энэ бол Бурханыг доромжилсон хэрэг. Үнэмлэхүй дээдтэй амьдралаар бус, үхлээр харьцана гэсэн аятай. Үгүй ээ, Бурхан амьдралын зүрхэн тольтод байх учиртай.

Залуу хүний хувьд бодь мөрийг сэхээрэх хэцүү гэж Будда хэлжээ. Эрх хүчтэй, баян чинээлэг хүний хувьд үнэний мөрийг хөөхөд мөн л бэрх. Гэвч энэ бүхэн сорилт бөгөөд шашинлаг болох цорын ганц зам. Аливааг хийхэд бэлэн эрч хүчтэй, аюул ослоос үл эмээх зүрх зоригоор дүүрэн үедээ л хүн бэрх сорилтыг хүлээн авч, чанадын зүг дүүлэх учиртай.


НЭПКО хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив