Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ленин
2013 оны 11 сарын 19 [Уншсан тоо: 72618]
НЭПКО хэвлэлийн газрын эрхлэн гаргадаг Хүмүүс түүх бүтээдэг цувралын ээлжит бүтээл болох ЛЕНИН уншигчдын гарт очлоо.





ЛЕНИН


Бусдын толгойг эргүүлэх нь хэн бүхэнд заяадаггүй их урлаг.

Владимир Ильич Ленин бол ХХ зуунд Орос орны толгойг эргүүлэгч хамгийн гарамгай хүн байсан нь эргэлзээгүй. Төрөлхийн улс төрч түүнд эрч хүч, хүсэл тачаал, оюун ухаан харамгүй заяасан байжээ. Улс орны засгийн эрх авах, дэлхийн хувьсгалыг өөрийн биеэр үзэх, коммунист нийгэм байгуулах гэсэн цорын ганц зорилгод тэрээр өөрийгөө бүрэн зориулжээ.    

Нөхцөл байдлыг хэн ч түүн шиг маш нарийн зөв дүгнэж, олон түмний санаа сэтгэлийг ойлгож, өөрийн бодлогыг өөрчилдөг байж чадаагүй юм. Тэрбээр өөрөө өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрөхөөс ичиж байгаагүй, чиг шугамаа заримдаа бүр 180 хэм өөрчлөхөөс ч айдаггүй байлаа. Тэрбээр ерөөс догматик байгаагүй ээ! “Ленинизм бол марксизмыг Төв Хорооны ээлжит бүгд хуралд тохируулах явдал байв” хэмээн унгарын философич Дьердь Лукач нэг удаа хэлсэн нь яах аргагүй үнэн үг ажгуу.

Өөрийнхөө зөв гэдэгт эргэн тойрныхоо хүмүүсийг итгүүлэн үнэмшүүлэх, холбоотон олноор нь элсүүлэх Лениний чадвар түүний амжилтын бас нэг үндэс байв. Тэрбээр 1917 оны намар хүн амын олонхийн мөрөөдөж байсан чухам тэр зүйлийг Орост амласан билээ. Нэг хэсэгт нь нэн даруй энх тайван тогтоохыг, нөгөө хэсэгт нь газрыг үнэ төлбөргүйгээр өгөхийг, гурав дахь хэсэгт нь хоёрдугаар сарын хувьсгалын дараа буй болсон эмх замбараагүй явдал, эвдрэл сүйрлийн оронд дэг журам, хатуу засаглал тогтоохыг амласан. Улмаар бүх нийтийн амьдралыг тэгш эрх, шударга ёсны зарчим дээр төвхнүүлэхийг амласан. Эдгээр лоозон, түүний татах хүчийг сөрж эсэргүүцнэ гэдэг сэтгэшгүй зүйл байв.

Гэхдээ өөр нэг асуулт гарна. Орос улс авьяастнуудаар ядмаг биш ээ. Арван долоон онд улс орныхоо хувь заяанд санаа зовиносон цөөнгүй сод хүмүүс, төрийн зүтгэлтнүүд улс төрийн талбарт ажиллаж байлаа. Хувьсгалт Орос чухам юуг хүлээж, юуг шаардаж байгааг бусад улс төрчид ч бас ойлгож байв. Тэгвэл тэд яагаад Ленинээс түрүүлээгүй юм бэ? Владимир Ильич тухайн үед төр барьж байсан хүмүүсийг 10 дугаар сард хүчээр түлхэн унагаад зарлан тунхагласан тэр зүйлсийг тэд яагаад хавар нь юм уу, зун нь Оросын ард түмэнд санал болгоогүй юм бэ?

Оросын хариуцлагатай улс төрчдийн дотроос хэн нь ч огт биелэшгүй амлалт өгч болно гэж үзээгүй. Тэд Оросын амьдралыг өөрчлөн эмхлэх нь олон жилийн шургуу хөдөлмөр шаардсан, алгуур хийх хүнд бэрх ажил байх болно. Зорилтуудыг аажмаар, алхам алхмаар шийдвэрлэх ёстой гэдгийг ойлгож байлаа.

Дайн болж байхад зүгээр л жадаа газар зоож орхиод гэр гэртээ харьж болохгүй шүү дээ. Нийтийн дайсны эсрэг гурван жил хамтдаа тулалдсан холбоотнуудынхаа хамт найрамдлын гэрээ байгуулах хэрэгтэй.        

Газрын шинэтгэл хийх цаг болсноор барахгүй бүр хоолой дээр тулж ирсэн байв! Тэгвэл газрыг ямар зарчмаар дахин хуваарилах вэ? Түүнийг булааж авч болохгүй, тэгвэл хууль бус хэрэг болно. Худалдаж авах уу? Тэгвэл ямар хөрөнгөөр? Чамгүй амжилттай эмхэрсэн Орос орны хөдөө аж ахуйг шинэтгэлийн явцад бас яаж эвдэхгүй авч үлдэх ёстой вэ?

Энэ бүхнийг ултай судалж, удтал ярилцах шаардлагатай байв. Эцсийн хариуг парламент буюу тэр үеийн Зохион байгуулах хурал өгөх ёстой, түүнийг дайны цаг үед зарлан хуралдуулах нь тийм ч амар ажил биш байлаа.

Гэвч хүлээхийг хэн ч хүсэхгүй байв! Тэвчиж чадашгүй байдал – чухам энэ л арван долоон онд сэтгэл бачимдуулж байв. Тэгвэл Ленин бүхнийг нэгэн зэрэг шууд өөрчлөхийг амлан энэ бачимдлыг тайлсан юм. Банкны эздээс мөнгийг нь, газрын эздээс газрыг нь, үйлдвэрийн эздээс үйлдвэрийг нь булаан авч, зах зээлийн эдийн засгийн оронд төлөвлөгөөт эдийн засаг тогтоосноор амьдралыг нэн даруй өөрчилж, улс орныг жаргалтай болгоно гэдэгт тэр өөрөө итгэж байсан эсэхийг мэдэхгүй, гэхдээ тэр үүнд бусдыг итгүүлэн үнэмшүүлж чадсан билээ!

Бусдын толгойг эргүүлэх Лениний суут урлаг чухам үүнд л оршиж байлаа. Тэрбээр бүх асуудлыг нэн даруй шийдвэрлэнэ гэж өөр хэн ч амлаж үл зориглох юмыг амласан. Түүний тэр амлалт талархал бахархлын давалгаанд дарагдсан. Түүнийг дагагсад, түүнийг удирдагчаа гэж үзэгсэд энэ бүхэн биелэх зүйл мөн үү гэдэг талаар огтын ч юу ч бодож сэтгээгүй.

Тэгвэл түүний амласан зүйлээс юу ч биелээгүй. Нэгдүгээр дайны оронд улам харгис, цуст иргэний дайн дэгдэв. Ленинээс хойш боловч газрыг тариачдаас дахин булаан авч, бүхнийг хамтралуудад хөөн оруулж, үнэн чанартаа хамжлагат ёсыг санагдуулсан үйлсийг сэдсэн. Зөвлөлтийн хүмүүс тэгш эрхийг ч, шударга ёсыг ч бас үзээгүй. Тэд энэ бүхнийг ухамсарлан ойлгосон хойно бүх юм нэгэнт хожимдсон байв. Зөвлөлт систем эсэргүүцэл, үймээнийг үл тэвчин, дургүйцлийн аливаа илэрхийллийг хатуу цээрлүүлж байв.

Тэгтэл дахиад толгой эргүүлж, хорхой хөдөлгөх зүйл гарав. Дараалсан хоёр хувьсгал, иргэний дайн, үй олноороо гадаадад цагаачилсан явдал ихээхэн орон зай бий болгов. Большевикуудын тогтоосон дэглэм боловсон хүчин томилон ажиллуулах өөрийн гэсэн систем тогтоолоо. Нэр дэвшүүлэх зарчмыг ангич хандлага нь өөрчлөв. Өрсөлдөөнөөр бол зүтгүүлээд зүтгүүлээд явахгүй хүмүүс амьдралдаа амжилт олох, өндөр алба хаших эрхтэй болж байлаа. Хэрэв энэ системийн эд эс нь болох л юм бол бусдаас илүү сайхан амьдрах болно гэдэг нь тодорхой боллоо. Энэ системийг хэвээр байлгахыг мах цуснаасаа сонирхон хамгаалагчид бий боллоо.

Гэхдээ энэ бол их толгой эргүүлэлтийн зөвхөн нэг хэсэг нь.

Америкийн радикал үзэлт сэтгүүлч Жозеф Линкольн Стеффенс хувьсгалт Оросоос буцаж ирээд “Би ирээдүйг олж харлаа, тэр ирээдүй ойртож байна” гэж хэлсэн нь алдаршсан үг болжээ.

Дэлхийн бүх шударга бус явдалд дургүйцсэн олон хүн Лениний үзэл санааг мухардлаас гарах гарц гэж үзжээ.

“Намайг Улаан Арми аварсан гээд би коммунист намд элсээгүй юм. Би орогнох газар, асрах байр хайж байлаа, тэгээд түүнийгээ даян дэлхийн энэ санаа нэгтнүүдийн нэгдлээс, дэлхийн бүх асуудлыг шийдвэрлэхээр амласан энэхүү түгээмлэл үзэл суртлаас олсон юм. Зорьсон газрын зах харагдаж байх шиг байв. Гэвч энэ бол зөвхөн зэрэглээ, харааны эндүүрэл төдийхөн байжээ” – германы нэгэн зохиолч бичжээ.

Гэвч манан мөд сарнисангүй. Бүгдээрээ тэр манан дунд байв. Коммунист үзэл санаа нэг хэсэгтээ л даян дэлхийн сая сая хүнийг зоригжуулж байлаа. Орост л гэхэд тийм олон хүн Ленинд итгэж байсан болохоор гайхах юу байх вэ?    


АРАВДУГААР САРЫН НЭГЭН ШӨНӨ

Би жаахан халамцуу ганцаараа сууж байна. Дарс надад дахин зориг оруулжээ. Cайхан амьдралын aмттайхан зүүд зэрэглээ нүдэнд үзэгдэж, үнэр танар зэргийг мэдрэх мэдрэмжийг дахин төрүүллээ. Энэ бол үнэндээ ердийн юм, үүнд дэлхий дээр оршин байхын ямар нэгэн учир холбогдол байна. Миний өмнө хуучны лонх байна. Тамга, төрийн сүлд байна. Орос гүрэн гэж байжээ хөөрхий!”– Иван Алексеевич Бунин 1917 оны 11 дүгээр сарын 21-нд бичжээ.

“Орост ирээдүй байхгүй. Зөвхөн гэр бүлээ тэжээж авч явахын тулд л амьдрах болж байна, өөр юу ч алга. Орос нэгдмэл, их гүрний хувьд гадаадын бус дотоодын шалтгааны улмаас, шууд дайснуудаас биш, харин өөрийн дутагдал, муу муухай явдлаас болж бүрмөсөн нурсан нь дэлхий дахины түүхэнд ховорхон тохиох үзэгдэл мөн”– нэрт түүхч, Москвагийн их сургуулийн профессор Юрий Владимирович Готьегийн өдрийн тэмдэглэлээс.

“Би зүүдэллээ: Киев, танил, хонгорхон зүс царай харагдана. Төгөлдөр хуур тоглож байна гэж зүүдэллээ... Хуучин цаг ирэх болов уу? Одоо цаг гэвэл би түүнийг анзааралгүй... харалгүй, сонсолгүй амьдрахыг хичээж байна! Өөдгүй бөөн амьтад гуагалж хашгичин, жигшүүрт хараал хэлэн галт тэрэгний цонх хагалж байхыг би үзлээ, хүмүүсийг яаж балбаж байгааг үзлээ. Мулгуу, араатан шинжтэй нүүр царайг үзлээ”– 1917 оны 12 дугаар сарын 31-д Михаил Афнасьевич Булгаков эгчдээ бичнэ.

Оросын хувь заяа шийдэгдэж байлаа. Тэр түүхэн мөчид иргэний дайнаас сэрэмжилж болох байв. Таврийн ордонд Зохион байгуулах хурал хуралдахаар цугларсан байв. Түүнд асар их найдвар тавьж байлаа.

Зохион байгуулах хурлын сонгууль хийх нь байлдаж буй yлcaд амаргүй ажил байв. Гэвч сонгуулийг бараг өөгүй хийжээ. Фронтод байгаа цэргүүд ч саналаа өгч чадсан байна. Сонгууль 1917 оны 11 дүгээр сарын 12-нд эхэлсэн бөгөөд 11 дүгээр сарын 14-нд дуусах ёстой байв, гэвч олон бүс нутагт 12 дугаар сарыг дустал сунжирчээ. Санал хураалтын дүнг гаргахаар 11 дүгээр сарын 14-28-нд хоёр 7 хоногийн хугацаа төлөвлөжээ. Бүх Оросын  Зохион байгуулах хурлын сонгуулийн хэрэг эрхлэх комисс Марийн танхимд байрлаж байв.

Сонгуульд нийт оросын 13 нам, үндэстний 31 нам, нийтдээ 44 нам оролцжээ. Бүх нийтээрээ сонгох, сонгогдох эрх Оросоос өөр хаана ч байсангүй. Чөлөөтэйгээр саналаа өгөх эрх сонгогчдын өндөр идэвхжилийг хангав. Нийт 50 сая хүн саналаа өгчээ. Харьцангуй цөөн тооны үндэстэн ястнууд төлөөлөгчдөө илгээжээ. Депутатуудын дотор 30 үндэстэн ястаны төлөөлөгчид, үүнд орос 372, украин 138, еврей 81, казах 18, армен 16, белорус 16, латви 15, польш 14, гүрж 12, азербайжан 11, башкир 11, татар 10, эстон 9, узбек 8, герман 5, чуваш 5, молдав 5 байлаа...

“Өчигдөр “иргэний үүргээ” биелүүлж, Хотын думын сонгуульд саналаа өглөө. Кадетуудыг дэмжив.  Өнгөрсөн 7 хоногийн турш Москвад улс төрийн 7 намын сурталчилгааг энд тэндгүй нааж, аэроплан, автомашинаас цацан булж байлаа, тэгээд манайх яг л жинхэнэ Европ шиг байв. Авгайчууд ч гэсэн үймэлдэж шуугилдан тэнгэр өөд малгайгаа шидлэх бус, харин өөрсөддөө таалагдагчдын  жагсаалтын дугаарыг - баян авгайчуул кадетын №1-ийг, тогооч эхнэрүүд мөнөөх большевикийн хорон № 5-ыг гэх мэт. Цуглаан эцэс төгсгөлгүй болж байв” – Москвагийн нэгэн оршин суугчийн өдрийн тэмдэглэлээс.

Москва хотын Думын сонгуульд социалист-хувьсгалч эсерүүд ялав, тэд сонгогчдын 58 хувийн санал авчээ. Орон даяар сонгогчдын санаа бодол тийм л байв. Оросын парламентын анхны ардчилсан сонгуулийн дүн Ленин, Троцкий тэргүүтэй большевикуудад тун ашиггүй гарав.

Парламентад 820 депутат сонгохоор төлөвлөснөөс 767 депутат сонгогдов. Сонгуулийн албан ёсны дүн: эсерүүд 370, большевикууд 175, зүүн эсерүүд 40, меньшевикүүд 16, кадетууд 17, ардын социалистууд 2, үндэстний намуудын 80 төлөөлөгч депутатын мандат авчээ. Оросын хувь заяаг шийдвэрлэх ёстой байсан Зохион байгуулах хуралд ленинчид  4-ний нэг хүрэхгүй санал буюу 767-гоос 175 мандат авчээ. Тариачин оросын хүн амын олонхи нь тариачдад газар өгөхийг амласан социалист-хувьсгалчдын намын төлөө саналаа өгчээ.

“Чухамхүү тариачид хамгийн идэвхтэйгээр саналаа өгч Орос даяар сонгогчдын ирц 65 орчим хувь болж өндөр түвшинд хүрэх явдлыг тэд л хангасан юм. Тариачид мөн л хоёр сарын дараа Зохион байгуулах хурлыг хөөн тараахад хайрхамжгүй биш юм гэхэд, идэвхгүй хандсан нь дээд газарт өөрчлөлт гарах нь байх л ёстой зүйл, биднээс шалтгаалахгүй аяндаа гарах үзэгдэл гэж тэд ухамсарлаж байсныг гэрчлэнэ” хэмээн Зохион байгуулах хурлын тухай том бүтээл туурвисан Лев Григорьевич Протасов тэмдэглэжээ.

Шинэчлэлийг аажмаар хийхийг хүссэн, улс төрийн туршлагатай барууны төвч үзэлт намуудад (юуны өмнө кадетуудад) засгийн эрх шилжих нь гэмээр байв. Гэвч либералууд 1917 онд байнга ялагдаж байлаа. Энэ нь Зохион байгуулах хурлын сонгуулийн дүнгээс ч тодорхой харагдлаа.

1917 оны 8 дугаар сард большевикууд Зохион байгуулах хурлыг “жинхэнэ ард түмний төлөөллийн байгууллага”, “Оросын ард түмний цорын ганц төлөөлөгч” гэж үзэн Түр засгийн газар, хөрөнгөтнүүдийг Зохион байгуулах хурлыг зарлан хуралдуулахыг тасалдуулахыг оролдож байна хэмээн буруушааж байв. ОАСДН(б) –ын Төв Хорооны 8 дугаар сарын 12-ны мэдэгдэлд : “Олонхи нь тариачдаас бүрэлдсэн зохион байгуулах хурал өөрсдийг нь дэмжих ч үгүй, хувьсгалын эсэргүү бодлогыг нь сайшаах ч үгүй гэдгийг хөрөнгөтнүүд мэдэж байгаа” гэж өгүүлжээ.    

Гэвч бүх нийтийн, тэгш, шууд, нууцаар саналаа өгөх зарчимд үнэслэсэн Оросын түүхэн дэх анхны ардчилсан сонгууль болж байх зуур нөхцөл байдал өөрчлөгдөв. Большевикууд нэгэнт засгийн эрхийг авчээ. Тэгэхлээр тэдэнд Зохион байгуулах хурлын хэрэг юу байх билээ? Депутатуудыг цуглуулж, тэнд тэдэнд Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөр, эсвэл... гэж тулган шаардахаар шийдсэн байна.

Арван нэгдүгээр сарын 29-нд большевикуудын намын Төв Хороо ер нь Зохион байгуулах хурлыг зарлан хуралдуулах хэрэг байна уу гэсэн асуудал хэлэлцжээ. Эргэлтийн дараахи эхний цагуудад биш юм аа гэхэд, эхний өдрүүдэд л Ленин:

-    Зохион байгуулах хурлын тухайд сонгуулийг хойшлуулах хэрэгтэй. Сонгуулийн эрхийг өргөжүүлж, түүнийг 18 настнуудад олгох хэрэгтэй. Сонгуулийн нэрсийн жагсаалтыг шинэчлэх бололцоо олгох хэрэгтэй. Бидний өөрсдийн гаргасан жагсаалт ямар ч хэрэг байхгүй... Корниловчууд, кадетуудыг хууль бус гэж зарлах хэрэгтэй гэв.

Түүнийг үл зөвшөөрчээ:

-    Одоо хойшлуулах нь тохиромжгүй. Үүнийг Зохион байгуулах хурлыг устгах гэсэн хэрэг гэж ойлгоно гэцгээв.
-    Яагаад тохиромжгүй гэж? Хэрэв Зохион байгуулах хурал кадет–меньшевик–эсерүүдийнх болчихвол тохиромжтой байх уу гэж Ленин өчжээ.

Санал хураалтын дүн түүнийг галзууруулжээ.

“Гурав дахь зам гэж байхгүй. Нэг бол баячууд, авксентчууд, черновчууд, масловчуудыг цус урсган устгана. Нэг бол Зохион байгуулах хуралд тариачдаас сонгогдсон депутатуудыг дахин сонгохыг тэднээр зөвшөөрүүлнэ” гэж Ленин хэлэв.

Владимир Ильичийн “цус урсган устгах” гэж байсан Авксентьев, Чернов, Маслов нар бол помещик, капиталист огт биш байв.

Арван нэгдүгээр сарын 19-нд  Сталин Ардын комиссар нарын зөвлөлийн хуралдаан дээр Зохион байгуулах хурлыг зарлан хуралдуулахыг хойшлуулахыг санал болгожээ. Дараа өдөр нь большевикууд Бүх Оросын Зохион байгуулах хурлын сонгуулийн хэрэг эрхлэх комиссыг өөрсдийн гарт авахаар тогтжээ. Арван нэгдүгээр сарын 23-нд тус комиссын бүрэлдэхүүнд орж байсан кадетууд, баруун эсерүүдийг Таврийн ордны танхимд шууд хуралдаан дээрээс баривчилжээ. Ингэх ямар ч үндэсгүйгээр!  Намын харьяаллын гэсэн шалтгаанаар л! Хууль, хууль ёс ач холбогдолгүй гэж үзэж байгаагаа шинэ засаг харуулав.

Сталин цагааныг хар болгодог авьяасаа гарган жишэм ч үгүй:

-    Комисс бидэнд хэрхэн хандаж байгаа нь нэг их сонирхолтой биш, Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийнх төлөө бид комиссынхныг баривчлахгүй байсан... Асуудал үүнээс үлэмж ноцтой байна. Комисс сонгуулийг хуурмагаар явуулж, гуйвуулсан. Чухам энэ л комиссыг баривчлах шалтгаан болсон гэж тайлбарлажээ.

Ингэж буруутгах үндэс олдсонгүй. Арван нэгдүгээр сарын 27-нд комиссын гишүүдийг арга буюу суллажээ. Ингэж гэсгээн шийтгэхэд нийгэм дасаагүй байсан, большевикууд ч хараахан өөртөө итгэлтэй биш байсан болохоор баривчлагдагсдыг сулласан хэрэг.

Лениний Засгийн газрын шийдвэрлэсэн нь:

“Хувьсгалт-цэргийн хорооны нэг гишүүн болон хэрэгтэй гэж үзсэн бас нэг хүнийг урьж, Зохион байгуулах хуралтай холбоотой бүх баримт бичгийг мэдэлдээ авахын тулд Зохион байгуулах хурлын сонгуулийн комиссыг гартаа авахыг Петровский, Сталин нарт даалгасугай...”

Ардын комиссар нарын зөвлөл сонгуулийн комисст өөрийн комиссарыг томилжээ. Түүнтэй хамтран ажиллахаас комисс татгалзахад комиссыг тараасан байна.

Зинаида Гиппиус тэр үеийн байдлыг тодорхойлон бичихдээ:  ”Эсвэл засгийн бүх эрхийг Зохион байгуулах хуралд өгч” большевикууд унах, эсвэл “засгийн бүх эрхийг Зөвлөлүүдэд өгч”, Зохион байгуулах хурал унахаар байв. Гэвч Зохион байгуулах хурлын “үзэл санааг” большевикууд хэзээний бусниулжээ. Мангуурсан харц ардын “ухааныг” одоо жад барин хөөн тараахад юухан байхав гэсэн байдлаар Зохион байгуулах хурлыг жигшин үзэхэд хэдийнэ бэлтгэжээ. Хэрэв эсерүүдэд өөрсдийг нь дэмжих хүч олдохгүй бол ийм явдал болж таарна...” гэжээ.

Ленин цухалдангуйгаар:

-    Бид засгийн эрхийг нэгэнтээ байлдан авсан. Гэтэл засгийн эрхийг дахин байлдан авахын тулд цэргийн арга хэмжээ авахаас аргагүй тийм нөхцөлд бид өөрсдийгөө оруулчихаад байна шүү дээ хэмээн хэлж байв.

Бүх Оросын Зохион байгуулах хурлын анхдугаар хуралдаан засгийн эрх хэзээний большевикуудын гарт орсон хойно 1918 оны нэгдүгээр сарын 5-нд Таврийн ордонд болжээ. Ордон большевикуудад үнэнч зэвсэгт усан цэргүүд, латвийн мэргэн буучдаар дүүрсэн байв. Ажилчдаас голдуу бүрдсэн латвичуудын нэг хороог Петрградад авчрахыг Ленин тушаажээ.

Ленин Засгийн газрын ложид сууж байжээ. Владимир Бонч-Бруевичийн тодорхойлон бичсэнээр, “Лениний сэтгэл догдолж, царай нь үхсэн мэт цонхийн цайсан байв, хэзээ ч тийм цонхигор байгаагүй. Царай, хүзүү нь тийнхүү цав цагаан болсноос толгой нь улам том болсон мэт санагдаж, нүд нь өргөсөн ган болдын өнгөөр гялалзаж байлаа... Тэр сууж, гараа зангидан атгаж чичигнүүлэн, гялалзан дүрэлзсэн асар томорсон нүдээрээ бүх танхимыг нэг захаас нь өнгөө захыг нь хүртэл тойруулан харж байв” гэжээ.

Бүх Оросын Төвийн гүйцэтгэх хорооны дарга Яков Свердлов  “Хөдөлмөрчин, дарлагдсан ард түмний эрхийн тунхаглал” уншин сонсгов. Тунхаглалыг батлах тухай түүний саналыг эсер, меньшевикүүд няцаав. Депутатууд Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрөхийг буруу гэж үзэв, учир нь Оросын төрийн байгууламжийг тодорхойлох, улс орныг хэн удирдан захирах асуудлыг шийдвэрлэхийг сонгогчид тэдэнд даалгасан билээ.

Тэгэхлээр нь Зохион байгуулах хурлын олонхи нь хувьсгалын өчигдрийн өдрийг илэрхийлж байна хэмээн большевикуудын фракцын өмнөөс Тэнгисийн цэргийн хэрэг эрхлэх ардын комиссарын орлогч Федор Раскольников зарлав:

-    Бид ардын дайсны гэмт хэргийг нэг ч минут нуун далдлахыг хүсэхгүй байна.  Зохион байгуулах хурал дахь хувьсгалын эсэргүү хэсгийнхний асуудлыг эцэслэн шийдвэрлүүлэхээр Зөвлөлт засагт шилжүүлж буй тул бид Зохион байгуулах хурлыг хаяж байгаагаа мэдэгдэж байна гэв.

Энэ парламент большевикуудыг дэмжихгүй, ингэхлээр Зөвлөлт засагт зөвхөн саад учруулах болно гэдэгт Ленин итгэжээ. Хаяж явахыг хүссэн бүхнийг явуул, гэхдээ хэнийг ч буцааж бүү оруул гэсэн захирамж Ленин орой явахдаа өгчээ. Шөнийн 03.30 цагт большевикуудтай эвсэж байсан зүүн эсерүүд ч ордныг орхин явжээ.

Зохион байгуулах хурлын олонхийг бүрдүүлж байсан бусад депутатууд ажлаа үргэлжлүүлжээ.

Оросын төрийн байгууламжийн тухай тогтоол баталжээ:

“Орос улсыг бүрдүүлэгч ард түмнүүдийн нэрийн өмнөөс Бүх Оросын Зохион байгуулах хурлаас тогтоох нь:

Холбооны улсын үндсэн хуулиар тогтоосон хил хязгаар доторхи салшгүй холбоо бүхий бүрэн эрхт ард түмнүүд, мужуудыг нэгтгэсэн Оросын  Холбооны Ардчилсан Бүгд Найрамдах Улс хэмээн Орос улсыг тунхаглаж байна”.

Таврийн ордныг  анархист Анатолий Викторскийн (Железняк) командалсан 200   усан цэргийн отряд (“Аврора” хөлөг онгоц, “Республика” хуягт тээвэрлэгчийн) хамгаалж байв. Чалчаа депутатуудын ярихыг харан зэвүүцэн суугаа Железнякт хандан Павел Дыбенко  хуралдааныг тараахыг 1918 оны нэгдүгээр сарын 6-ны өглөөний 4 цаг орчимд тушаав. Дыбенко өөрөө Зохион байгуулах хурлын депутатаар сонгогдсон боловч мандатаа үл тооно.

Таврийн ордны харуулын захирал хуралдаан даргалагчийн мөрнөөс угзрангаа тун эелдэг бусаар:

-    Харуул ядарсан учраас энд байгаа бүх хүнийг хуралдааны танхимаас гаргахыг таны сонорт хүргэх зааврыг би авлаа гэжээ.

Газар өмчлөх эрхийг цуцалсан талаар Зохион байгуулах хурлын даргаар сонгогдсон Виктор Михайлович Чернов энэ мөчид зарлав. Чернов усан цэрэгт учрыг ойлгуулахыг оролдон:

-    Зохион байгуулах хурлын бүх гишүүд бас ядарсан, гэхдээ хичнээн ядарсан байлаа ч Орос улсын хүлээж буй газрын тухай хуулийг сонордуулахыг тасалдуулж чадахгүй нь гэв.

Железняк тоомжиргүйгээр:

-    Танхимаас гар гэж би хэлж байна шүү гэж давтав.

Буугаа өмнөө барьсан усан цэрэг, улаан гвардчуудаар танхим дүүрэв. Зэвсэглэсэн хүмүүс сүрдүүлэн замгаа шажигнуулж байлаа...

Депутатууд саналаа өгөөд тарж одов. Тэр өдрийнхөө орой ажлаа үргэлжлүүлэхээр тэд төлөвлөж байв. Гэвч тэднийг ердөө ордонд оруулсангүй. Ардын комиссар нарын зөвлөл, Бүх Оросын Төвийн гүйцэтгэх хорооноос Зохион байгуулах хурлыг тараахаар шийдвэрлэжээ. Энэ бол улс орны түүхэнд шийдвэрлэх мөч болсон юм. Юу гэвэл өөр намууд, өрсөлдөгчид, тэмцэгчдийг улс төрийн амьдралаас хүчээр зайлуулсан билээ.


Зохион байгуулах хурлыг дэмжсэн жагсаалыг буудав. Хохирогсдын тоог нарийн тогтоож чадаагүй. Гэхдээ буудах гээгүй ч байсан байж болох юм. Бүгд дэвэрсэн, айсан байсан, тиймээс буудаж эхлэхгүй байх аргагүй байв.

Зохион байгуулах хурлыг хөөн тарааснаас хойш Петроградын улс төрийн амьдрал нам гүм болов. Улс төрийн бүх намыг засгийн эрх булаан авагч большевикууд мөрдөн мөшгив. Намын сонинуудыг хүчээр хаав, намын байгууллагууд агшин тутам большевикуудын дайралтад өртөх аюулын дор хагас нууц байдалд ажиллаж байлаа...


НЭПКО хэвлэлийн газар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив