Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гынхе
2013 оны 11 сарын 6 [Уншсан тоо: 61775]
Яс янгинам ядуурал

Нэгэн удаа аав ингэж ярьж билээ. “Бага байхад хажуу айлын загас шарж идэх өдөр хоолны үнэр нь манай гэр хүртэл ханхалдагсан. Тэгэх бүрт тэр үнэрээс болоод ходоод хоол нэхнэ. Хажуу айл маань тийм ч чинээлэг гэхээргүй айл байсан хэдий ч сардаа 2-3 удаа амар загас шарж иднэ. Шарсан загасны үнэр ханхлах өдөр шүлсээ гүдхийтэл залгивч цаагуур сэтгэл хөндүүрлэнэ. Манайх ядуу айл байсан болохоор махтай хачир хийж өгөөч гэж нэхэж чадахгүй. Балчир миний сэтгэлд энэ бүхэн шарх болж үлдсэн юм. Тосгоны нэг хоёр айлаас бусад нь бүгд ядуу зүдүү амь зуудаг үе байсан болохоор ядуу байна гэдэг хүнээс ичих зүйл биш байсан ч, яагаад ч юм ядуурлын талаар их бодох болсон.”



“Бид яагаад ийм ядуу зүдүү байгаа юм бэ?” гэж олон хоног шаналан бодсон. Тэгсээр, айл өрх ядуу байгаа болохоор улс үндэстэн маань ядуу байгаа юм гэдгийг ухаарсан хэрэг. Японы колоны үе байсан болохоор улс орон хүний атганд орсон гэсэн гутрал цөхрөлийг ярих юм биш. Тэр үеэс эхлээд л улс үндэстнээ цээж тэнэгэр, сайн сайхан аж төрдөг болгоё гэсэн хүсэл мөрөөдөлтэй болсон. Тийм хүнд хэцүү нөхцөлд ном эрдэмд шамдсан минь ийм мөрөөдөлтэй байснаас л болсон хэрэг”.

Энэ үгийг сонсоод би аавын сэтгэлийг бүрэн ойлгох болов. Японы колончлол, Солонгосын дайн, хаврын хар өлсгөлөнгүүдийг туулсаар Солонгос орон үнэхээр өлсгөлөн зүдгүүрийн ёроолд орчихоод байв. Гудамж талбай гуйлгачдаар дүүрэн, өдөрт ядаж ганц удаа хоол олоод идчихвэл дээдийн заяа гэж боддог үе байлаа. Хүмүүс амь зуулгаа уйгагүй зүтгээд ч ажлын байр байсангүй. Ажил л олдож байвал юу ч байсан хийнэ гэсэн хүмүүс тоо томшгүй олон байсан юм. Үнэхээр сэтгэл өвдөм цаг үе байлаа. Ажилгүйчүүд олон, ажлын байр туйлын хомс. Хөдөө тосгонд бүр хөөрийлөлтэй болсон. Шургаж унатлаа ажиллаад ч гэр бүлийнхээ хүмүүсийн амыг хөдөлгөх арга алга гэж гомдоллож байлаа. Аав Солонгосын ард түмэнд ямар ч байсан ажил хийх боломжийг нь олгоё гэсэн үзлээр бодлого хэрэгжүүлэв.

“Өнгөрсөн хугацаанд манай иргэдэд ажиллах нөхцөл боломжийг нь олгоогүй учраас гадаадад Солонгосчуудыг архи сархад, мөрийтэй тоглоомонд дуртай, залхуу гэж үздэг байсан. Гэвч огт тийм биш. Солонгосчууд эртнээсээ туйлын хөдөлмөрч, цэвэрч, оюунлаг сэтгэлгээтэй байсан юм.”

Хойч үедээ ядуурлыг өвлүүлж яасан ч болохгүй байлаа. Бүгд хамтдаа бүсээ чангалан энэ хүчир хүнд байдлыг давна гэсэн хүсэл зорилгоо нэгтгэн нэг өдрийн өмнө болохнээ энэ үеийг даван туулах үе ирсэн бөгөөд энэ нь ч аавыг эдийн засгийн өсөлтөд бүх хүчээ зориулах хатуу чанд итгэл үнэмшилтэй болгосон билээ.

Жирийн үед аав арвич хямгач байдлаараа бусдыг манлайлдаг байв. Хичнээн халуун бүгчим өдөр ч байсан зочин ирээгүй л бол ажлын өрөөний эйркондишинг ажиллуулахгүй. Цахилгаан сэнс байсан ч түүнийгээ бараг асаахгүй. Хөлс асгарам бөгчимд дэвүүрээр өөрийгөө сэрүүцүүлж буй аавын дүр зураг дасал болсон байв. Ганц хүн ашиглах зайнд эйркондишн асаах нь цахилгаан эрчим хүчийг гамгүй ашиглаж буй явдал гэнэ. Би ч бас ажил хийх үедээ эйркондишн асаадаггүй байв. Шаардлагагүй гэрэл чийдэн асаалттай байвал заавал унтрааж, усаа ч мөн гамнан хэрэглэдэг.

Хөх Ордоны амьдрал ээжийн амьд байх үеэс төдийлөн өөрчлөгдсөнгүй. Хөх Ордоны гал тогоо ч өөрчлөгдсөнгүй. Манайх буудай, тутрага хольсон холимог агшаасан  будаа иднэ. Үдийн хоолон дээр мёлчи-гийн шөлөнд гүгсү юм уу, бибим гүгсү хийж амтархан иднэ. Жирийн гурилтай хоолонд дуртай аавыг дагаж нэнмён иднэ. Ээжээс дутахгүй аав ч үрэлгэн занд дургүй. Би ч бас ээжийнхээ эдлэж хэрэглэж явсан зүйлсээс хэрэглэж болохыг нь цэвэрхэн янзлаад дахин хэрэглэх болов.

Хөх Ордонд хэрэглэдэг зүйлсийн дийлэнх нь Солонгост үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байв. Аавын эдлэж хэрэглэдэг зүйлсээс гадаад яваад ирсэн хүмүүсээс бэлгэнд авсан зангиа, сахлын хутга, үзэг балнаас бусад пальто, гутал, пиджак гэх мэт өдөр тутмын хэрэглээний бүх зүйлс нь Солонгос бүтээгдэхүүн байв. Дөнгөж ядуурал өлсгөлөнгийн үеийг ардаа орхиод байсан үед удирдагч хүн чинээлэг тансаг амьдрах нь байж боломгүй явдал байв. Тэр үед аавын хувьд үндэс гүн ядуурлыг арилгах нь хамгийн чухал зорилго нь байж. Би ч чадлынхаа хэрээр улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхэд аавдаа тус дэм болохсон гэж хүсч байв. Солонгос улсын эдийн засаг нь бахархам хөгжиж байсан ч сайжруулах зүйлс урьдын адил үй түмээрээ байлаа. Түүн дотор эмзэг буурай давхаргын хүмүүсийн хүндрэл бэрхшээлийг бага ч атугай нимгэлэх явдал нэн тулгамдав. Би үүнийг тэргүүн хатагтайн хийх ёстой үүрэг хэмээн үзэв.

НЭПКО хэвлэлийн газар





"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив