Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ирээдүйн технологи
2013 оны 10 сарын 30 [Уншсан тоо: 67333]
Нэпко хэвлэлийн газар NATIONAL GEOGRAPHIC-ийн бүтээл  Ирээдүйн технологи номыг монгол уншигчдынхаа хүртээл болгож байна.




ИРЭЭДҮЙД АМЬДРАХУЙ

Амьдрал ямар байх бол оо...

Өдрийг сэрүүлэгний дуугаар эхлүүлнэ гэдэг тийм таатай гэж үү?
Өглөө 7 цагт ажил, сургуульдаа явахын өмнө ямар ч байсан шүршүүрт орж, өглөөний унд бэлдэж, нохойгоо салхилуулна. Харин орой гэртээ ирээд гэрлээ асаах, дулаан, агааржуулагчийг тохируулах, өөрөөгөө цэвэрлэх, эцэг эхдээ туслах гээд ажил бас л мундахгүй. Ирээдүйд бидний амьдрал маш хялбар болно. Өдгөө бид байшиндаа санаа тавидаг бол ирээдүйд, эсрэгээр, байшин маань бидэнд санаа тавьдаг болно. Бид бүгдээрээ ухаалаг  байшинд амьдрах болно.

< “Жэтсонынхон” хэмээх олон ангит хүүхэлдэйн кинонд нохойтойгоо хамт ирээдүйд амьдардаг нэгэн гэр бүлийн тухай гардаг. Тэд сансарт аж төрж, сансрын хөлгөөр зорчих ба робот гэрийн үйлчлэгчтэй.

“Жэтсонынхон” бол ирээдүйд /2063 он/ амьдарч буй гэр бүлийн тухай өгүүлдэг 1960-аад оны алдартай хүүхэлдэйн кино юм. Жэтсонынхон Рози нэртэй гэрийн үйлчлэгч роботын хамт аж төрнө. Тэдний байшинд нэг товчлуур дарахад оройн хоол нь ирдэг, ер нь бүх зүйл нь автомат. Гэр ахуйн  хэрэгслүүд нь ярьдаг ба бүх ажлыг нь  роботууд хийнэ. Ирээдүйд ийм байшин бий болох бол уу? Эрдэмтэд, инженерүүд хэдийн маргаашийн байшингийн төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд бүх зүйл нь “Жэтсонынхон”-ыхоос илүү сэтгэл хөдлөм, чамин тансаг болно хэмээн найдаж байна. 2063 эсвэл 2040 он гэхэд таны гэр ямаршуу байх бол оо?

Юуны өмнө, роботыг хөгжүүлэх хувьсгал явагдаж улмаар айл бүр Рози шиг гэрийн үйлчлэгч роботтой болно. Таны робот утасгүй холбоогоор  электрон ухаалаг “байртай” тань харьцана. Хананы цаана суулгасан хүчирхэг компьютерээр хянагдах робот болон байшин таны хүслийг урьдаас мэдэх болно.  Танай гэрийн үйлчлэгч робот өрөөтэй холбогдож бүх зүйлийг хийх нь мэдээж таньд таалагдах биз. Таны шүршүүр өөрөө усныхаа халууныг тааруулж, гал тогоо автоматаар таны дуртай өглөөний ундыг аль хэдийн бэлдсэн байна. Таны үзэж амжаагүй спортын тэмцээний үр дүн ханан дээр гарч, эгзэгтэй агшин нь ч харагдах болно. Байшинд үл ялиг тоос шороо, хир тогтохгүй. Учир нь хана, шал өөрсдийгөө цэвэрлэх юм.


< Гэрийн тоос сорогч робот өнөөдөр нэгэнт хэрэглээнд нэвтэрчээ.


Мөрөөдөл биш

Судлаачид, өнөөгийн шинжлэх ухааны дэвшилд үндэслэн, мөрөөдлийн энэхүү байшин нь 25-30 жилийн дараа  биеллээ олох боломжтой хэмээн  үзэж байна. Роботууд, дээр дурдсан  шиг илүү ухаалаг болж, хүмүүстэй хамтран ажиллана. Тэд зайнаас код унших болон хиймэл ухаалаг орчны хосломол нөхцөлд гол үүргийг гүйцэтгэнэ. Зайнаас код уншина гэдэг нь зөвхөн хүмүүс хооронд утасгүй холбоо тогтоохыг  бус, бусад эд зүйл хооронд ч холбоо тогтохыг илэрхийлж буй юм.


Ухаалаг байшингийн ажиглах систем нь гэрийн гол компьютерээр дамжуулан гэрт хэн байгааг хянана.


Жишээ нь: ирээдүйн байшингийн бүх зүйлд радио давтамжтай танигч (RFID) суулгана. Эдгээр танигч нь элекрон чип бөгөөд тэдгээрийг өнөөгийн зарим худалдааны төв бараа, материалын бүртгэлдээ ашиглаж байна. Уг чип мэдээллийг гадагш танигч уншигч руу явуулдаг. Ирээдүйн нано   ехнологийн  дэвшлийн үр дүнд ийм чип  улам жижиг, улам чадалтай болж байна. Ирээдүйд гал тогооны бүх хэрэгсэл хоорондоо холбогдон хоол бэлддэг болох юм. Бүх шүүгээ болон хөргөгчинд танигч байрлуулна.  Робот болон ханын компьютер хүнсний нөөц дууссаныг өөрөө сануулах болно.  Бусад компьютерын чип цахилгаан зуухан дээр тавьсан ус буцалж буйг болон гэрт хаа нэгтээ ус гоожиж буйг таньд мэдэгдэх ажээ.

Ухаалаг хана

Таны байшин шидэт ханатай байвал ямар вэ?  Хана орчинд чинь тохируулан өнгө, хээгээ өөрчилнө. Мэдээж энэ бүхнийг хийхэд ид шид хэрэггүй. Хурц гэрэлтэй, цаас шиг гялалзсан нимгэн ТВ дэлгэцүүдийг хэдийн үйлдвэрлээд эхэлчихсэн байгаа билээ. (Сони компанийн үйлдвэрлэсэн ТВ дэлгэц нь 0,3 мм). Ирээдүйд ОLED технологиор ханын  цаас бий болгож, ганц товчлуур дарахад уг ханын цаасны өнгө солигдож, маш том телевиз эсвэл компьютерын дэлгэц болох юм. Ирээдүйд та цонхныхоо байрлалыг өөрөө өөрчилдөг болно. OLED хана гэгээлэг эсвэл бараан зэргийг өөрөө тохируулах боломжтой бөгөөд цонх онгойлгох, дахин байрлуулах тохиргоотой байх юм.

Хана, шал өөрийгөө цэвэрлэдэг болно. Судлаачид нанобөөмсийг сайжруулан, гэрлийн урт долгион шингээхүйц болгохоор ажиллаж байна. Ингэснээр нян устгах, тоос зайлуулах боломжтой болно.


Радио давтамжтай танигч  ийм чип нь өнөөдөр  дэлхий даяар  өргөн хэрэглэж байгаа шугаман кодтой адил зарчимтай.


Орчны оюун ухаан

Юмсын интернет төрх (Internet of Things) хүмүүсийн өдөр тутмын амьдралд тус болохоор ажиллаж эхэлсэн цагт оюун ухаант орчин бий болно. Төхөөрөмжүүд улам бага овортой болж, улам илүү холбогдон,  харагдахгүй шахам багасч, бидний арьс, хувцас эсвэл орчин дахь мэдрэгчид байрлан ирээдүйн бусад төхөөрөмжтэй ярина. Эдгээр бүх төхөөрөмж туршлагаас суралцахаар зохион бүтээгдсэн байна. Тэд таны зуршил, дуртай, дургүй зүйлс, мэдрэмж, сонирхлыг ажиглаж хананд суулгасан тархи буюу төв компьютерт дамжуулна. Армийн ерөнхий командлал шиг ажиллах энэхүү компьютер таны хүссэнээр танай гэрийг  өөрчлөнө. Жишээ нь: гэрийн дулааныг таны биеийн дулаантай тохируулж ая тухтай байдлыг хангана. Таныг унтахаар хэвтэхэд цонх харанхуйлж, сэрмэгц  гэрэлтэй болно.


OLED дэлгэц нь хэт нимгэн, маш хөнгөн юм. Энэхүү технологи ойрын ирээдүйд дэлгэцийн салбарт  маш том хувьсгал хийнэ.

Майкрософт корпорацийг үндэслэгч Билл Гэйтс хэдийн өөрийн гэсэн ухаалаг байшинг бий болгоод байна. Түүнийг гэртээ ороход гэрэл  өөрөө асна. Ханын цаасны цаана байх чанга яригчаар хөгжим дуугарах бөгөөд түүнийг даган өрөөнөөс өрөөнд сонсогдоно. Авсаархан жижиг удирдлагаар телевизээс эхлээд өрөөний температур,  гадаах болон  доторх гэрэлтүүлгийг удирдана. Гэйтсийн гэр зочдод тааламжтай байх захиалгаа авахын тулд “микрочип” өгдөг.


Энэхүү алсын удирдлага нь температур, аюулгүй байдал, зугаа цэнгэл гэх мэтийнухаалаг гэрийн бүх үйл ажиллагагааг удирдах чадвартай.

Энэхүү “микрочип” нь байшингийн өнцөг булан бүрт дохио илгээнэ. Зочид өөр нэг өрөөнд ороход түүний захиалан сонгосон өрөөний гэрэлтүүлэг, температурт солигдож тохиргоо хийгдэж байгааг шууд харж болно. Та Билл Гэйтс биш ч гэсэн ирээдүйд таны байшин үнэхээр гайхалтай ид шидийн мэт ухаалаг болж, таны бодлыг бараг уншина.

Хамгийн оновчгүй таамаглалууд

Хэчнээн“мэргэжилтэн” байлаа ч ирээдүйг таамаглах гэдэг амар ажил биш ээ. Та доорх мөрүүдийг уншаад үзээрэй.

  • “Шуудангийн сүйх тэрэгнээс хэд дахин хурдан галт тэрэг хийнэ гэдэг шал дэмий цагаа үрсэн зүйл”. “The Quartely Review” сэтгүүлийн шүүмж. 1825 оны 3-р сар
  • “Лүи Пастэрын  нянгийн онол бол инээдмийн зохиол.” Тулузын  физиологийн профессор Пьер Пашет, 1872 он
  • “Уул нь гайхалтай бүтээл санж. Даан ч хэнд хэрэгтэй юм бол доо.” А.Бэлл телефон утсаа танилцуулсны дараа АНУ-ын ерөнхийлөгч Радэрфорд Хэйсийн хэлсэн үг, 1876 он
  • “Үүнтэй танилцсан хэн боловч илэрхий хуурмаг зүйл  гэдгийг нь ухаарах болно.” Стивэнсийн технологийн дээд сургуулийн захирал  Хэнри Мортон, Т.Эдисоны чийдэнгийн тухайд, 1880 он
  • “Рентген туяа бол зүгээр мунхруулал”. Лорд Келвин, 1883 он


Саран дээр хүн алхана гэдэгт цөөн хүн итгэж байсан бол сансарт ниснэ гэдэгт бүр цөөхөн итгэж байсан.

  • “Тэдний дуунууд онц биш, тэгээд ч гитар хөгжим хоцрогдож байгаа”. Декка Рекордс  Битлзийн бичлэгийг хийхээс татгалзсан шалтгаанаа тайлбарласан нь, 1962 он
  • “Морьд байсаар байна. Харин автомашин бол зүгээр л саваагүй зан, маяглал.” Мичиганы хадгаламж банкны ерөнхийлөгч Форд Моторс компанид хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ Хэнри Фордын хуульчид учирласан нь, 1893 он
  • “Миний бодлоор дэлхий дээр 5 компьютерын л зах зээл байгаа.” IBM –ын захирал Томас Ватсон, 1943 он
  • “Хүн бүр гэртээ компьютертэй болохыг хүсэх ямар ч шалтгаан байхгүй”.  Дижитал Екиүпмэнт корпорацийн ерөнхийлөгч Кэн Оолсон, 1977 он

Юу хүлээж байна вэ?


Ирээдүй судлаач Иэн Пирсон технологи, хүний төлөв байдал, хандлагууд, улс төр болон бизнесийг судалж, ирээдүйн талаар таамаглал дэвшүүлдэг. Хэдийгээр энэ нь тодорхой шинжлэх ухаан биш ч Пирсон “аливаа зүйлийн хэтийн төлвийг судласнаар ерөнхийдөө зөв хэлдэг боловч, цаг хугацааны 15 хувьд алдаа гардаг” гэжээ. Пирсон болон түүний мэргэжил нэгтнүүд өнөөдрөөс 25, 50, бүр цаашлаад 100 жилийн тэртээд юу болохыг шидэт толиор шагайж хараагүй нь мэдээж. Пирсон өнөө болж буй зүйлд тулгуурлан маргааш болох зүйлст логик дедукц хийдэг ажээ.

Ирээдүйн тухай Пирсоны 10 таамаглал

2025 он гэхэд:

•    Ихэнх айл робот гэрийн үйлчлэгчтэй болно. Ганц бие хөгшин хүмүүс хань болгон робот авна.
•    Амьдралын жаргалтай агшнуудынхаа мэдрэмжийг хадгалах, дахин тоглуулж “мэдрэх” боломжтой болно.
•    Идэвхжүүлсэн линзэт дэлгэцээр хүмүүс давхар хардаг болно. Хүн гудамжинд явж байхдаа яаж харагдахаа өөрсдөө сонгоно. Ийм дэлгэц гэрийн телевиз, компьютерийн дэлгэцийг орлоно.  
•    Ихэнх машин цахилгаанаар явж, бараг бүх газар автоматаар жолоодох боломж бүрдэнэ. Бусад машинтай холбогдон хоорондын зайгаа тохируулж, ойртох боломжтой болсноор түгжрэл багасна.
•    Сахарын цөлд нарны эрчим хүчийг ашиглах асар том станц ажиллуулж, Европыг эрчим хүчээр хангана. Газрын тосны хэрэгцээ буурч үйлдвэр,  тээвэрт цахилгаан эрчим хүчийг илүү эрхэмлэнэ.
•    Хиймэл оюун ухаант супер хүн бий болно. Ихэнх шинжлэх ухааны болон инженерийн ажил хиймэл оюун ухаанаар хийгдэж, хүмүүс технологийн зарим үр дүнг ойлгохгүй болно.  
•    Нэг эст организм эсвэл эрхтэний хэсгээс амьдрал бүтээх боломжтой болно.
•    Зарим роботууд эрх эдэлнэ. Тэд ажлын бус цагаар бие даан гадуур амьдрах, өөрийн өмч хөрөнгөтэй болох, бизнес эрхлэх эрхтэй болно.
•    Сонин сэтгүүлүүд дижитал хэлбэрт шилжиж үүгээрээ видео үзэж бусадтай шууд харилцах боломж нээгдэн, зар сурталчилгаанаас шууд юм худалдан авалт хийдэг болно.
•    Ихэнх хүмүүс дижитал үнэт эдлэл зүүх болно. Энэ зүүлт чимэглэл гудамжинд явж байх зуурт таныг уулзах хүсэлтэй хүнтэй чинь танилцуулна.


“Ирээдүйд шинжлэх ухаан яаж ч хөгждөг бай хүн саранд хүрч чадахгүй”. Ли Форест, телевизорын эцэг, вакуум хоолойг зохион бүтээгч




"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn