Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Улаан туг
2013 оны 8 сарын 16 [Уншсан тоо: 73472]
Коммунизмын түүх

Дэвид Пристланд

Өрнөдөөс Дорнод тийш, мөн Өмнөд рүү коммунизмыг түгээхтэй зэрэгцээд, халагдаж солигдсон дөрвөн гол үеийн нь хүрээнд коммунизмын түүхийг тус номд Францаас Герман руу, тэгээд Орос тийш, тэндээсээ Дорно дахинд, Дэлхийн II дайны дараагаар Хятад болон Зүүн-Өмнөд Ази руу, үүний удаад гурав дахь ертөнцөд, тухайлбал, Латин Америк, Африк, Дундад Дорнод, Өмнөд ба Төв Азид 1960-1970-аад онд гэж дэс дараалан авч үзсэн. Эцэст нь түүх биднийг коммунизмын өөрчлөн байгуулалт, сүйрэл болсон Европод буцаан авчирлаа.

Коммунистуудад, тэдний үзэл бодол, харилцаа, үйлдэлд голлож анхаарсан ч тэдний залж ирсэн анги, ангийн туршлагыг ч судлагдахуун болголоо. Он дарааллыг барьж бичсэн ч номын зарим бүлэг тодорхой бүс нутагт хамаатаж бичигдээд, хатуу сахиж болсонгүй. Түүнчлэн нэр нөлөө мэдэгдэхүйц их байсан зарим нам, дэглэмд, материалын хүрээ, гүн задлан шинжлэхтэй уялдаад, илүүтэй анхаарсан. Нэг хөдөлгөөн болгож нэгтгэх ёстой ч коммунист бодлогын талаар тэмдэглэх боломжийг түүхнээ анх өгсөн болохоор номоо Францын хувьсгалаар эхлүүллээ. Улмаар шинэтгэлийг эрж, хүсэл тэмүүлэл, оюун бодол, эсэргүүцлийг нэгтгэсэн социализмын бүхий л бодит хүчийг Карл Маркс, анд нөхөр Фрийдрих Энгэлсийнхээ хамт харуулсан юм. Тэдний ачаар социализм нь националист якобинч байр суурийг орхин, Францын хувьсгалаас хойш зуун жил өнгөрөхөд марксист намуудын II интернационал дээр өөрийгөө, нийтэд хамаатай зорилгоо чангаар зарласан. II интернационалын Анхдугаар их хурал Парист болсон гэлээ ч коммунизмын жинхэнэ нийслэл нь Интернационалын хамгийн том нам Германы социал-демократ намын төрөлх хот Берлин болов.

Коммунизмын хоёр дахь түүхэн үе шат Зөвлөлтийн эрин 1917 оноос эхтэй. Нэгэн цагт христ мөргөлтний III Ром гэж зарлагдаж асан Москва коммунист ертөнцийн Анхдугаар Ром болжухуй. Бүх дэлхийд түгэх үзэл санаа байвч Зөвлөлтийн коммунизм тэгсгээд үндсэрхэг “эх оронч”-оор хөгжих болж, төр, эдийн засгийн хөгжлийн суурь болгон хэрэглэсэн дээрх чанар нь барууны эзэнт улсуудын колони асан орнуудын дур бахыг татжээ. Чухам Зөвлөлтийн коммунизмын ноёлох зорилго нь энэ цаг үед бие хүн, нийгмийг бүхэлд нь өөрчлөх болоод, харин гүйцэлдээгүй билээ.

Дэлхийн II дайны дараа Япон, Герман хуу ялагдаад, өрнөдийг талархагч элитүүдийг нь АНУ тусламж, эрх ямбаар хангаж байхад национализмтай нягт холбоотой гурав дахь шатандаа коммунизм Европоос чанадад түгсэн юм. Энэ хэр Европын коммунизм Сталины эзэнт гүрний засаглалын нөлөөн доор хөшиж байлаа. Төдөлгүй сталинизмийг ч, өрнөдийг ч эсэргүүцэж, радикал коммунистууд дэлхийгээр нэг босов. Анхны “үймээнчид” троцкийчүүд байсан нь дайны дараа Мао даргатай Бээжин, Фидэл Кастро удирдагчтай Гавана, дээр нь 1960-1970-аад онд Ази, Латин Америк, Африкад үүссэн коммунист хөдөө аж ахуйн хэлбэрүүд болж, Москватай өрсөлдөгчид хувилжээ. 1970-аад оны дунд үе гэхэд (Африкийн голлосон) “ширэнгийн” партизаны коммунизм нь илүү хотожсон сталинч коммунизмд байраа алдсан байв.

Тэгж байтал коммунизм Роналд Рэйганы дайнч шинэ либерализм, Маргарэт Тэтчэр, улстөрч лал гээд радикал хөдөлгөөнүүдэд байр сууриа алдсаар төгсгөлийн шатандаа орсон нь тодорхой болсон. 1980-аад оны дундуур Кремль эл байдалд хариу үзүүлэхээс аргагүй болж, Горбачёв коммунизмыг шинэчлэх аян өрнүүллээ. ЗСБНХУ-д ард түмний дэмжлэгтэйгээр коммунизмд эгэн очиход чиглэсэн түүний хүч чармайлт системээ эргэлт буцалтгүй унагасан.

Коммунизм нь хөгжлийг “ухраагч” чиглэлийг халж, радикализмын “дэвшилтэт” үеийг өөртөө нэвтрүүлээд, модернизмийн, улам эцгийн эрхт коммунизмын, эсвэл либерализмтэй буулт хийх прагматик коммунизмын гэсэн мөчлөгт явцтай байсан. Хувьсгалч урам зоригийг ахин өдөөх багагүй шалтгаан байж, коммунист бус ертөнц үүргээ гүйцээжээ. Зөнгөөрөө хөгжсөн капитализм эдийн засагт хүнд нөхцөл үүтгэдэг үй олон санхүүгийн хямралаас болоод, өөртөө итгэх итгэлээ ямагт сэвтээж иржээ. Хамгаас тод жишээ нь 1929 оны Нью Йоркийн хөрөнгийн биржийн дампуурал. Олон улсын эрх тэгш биш байдал нэн тод байсан нь ч дутуугүй учир холбогдол агуулжээ. Хэт барууны үзэлд автсан нь Япон, Герман улсыг ноёрхогч угсаатны тэгш бус байдалтай эзэнт гүрэн байгуулах гэсэн цуст шинэ оролдлого хийхэд хүргэсэн. Империйн нөлөөгөө хөгжиж байгаа орнуудад дайны өмнө болоод хойно ч тэлэх гэсэн өрнөдийн эрмэлзэл гурав дахь ертөнцийнхний националист хилэнг л бадраасан. Эдийн засгийн эрчимтэй хөгжлийг томьёолж, ядуу өмнөд, баян өрнөдийн хоорондох ангалыг коммунизм гэтэлж чадахаар санагджээ. Дотоод бодлогын тухайд нийгмийн асуудлууд, ялангуяа хөдөөгийн хурцадмал байдал хувьсгалч намуудын хөрсийг зэхэж өгсөн.
Хуучин хэлбэрээрээ коммунизм нь нэр хүндээ бараад, хэзээ ч түүхэнд хүчирхэг нөлөөтэй хөдөлгөөний хувиар эргэн очихгүй боллоо. Харин дэлхийн капитализм хямралыг даван туулж байгаа өнөө үед цаг үе өөрөө альтернатив тогтолцоог байгуулах гэсэн коммунистуудын үйлдлийг ахин хянах, бүтэлгүйтлийн нь шалтгааныг задлан шинжлэхийг шаардаж байна. Коммунизмын угтварыг ойлгоход Зэвсийн дэг журмыг манай эринд сөрсөн промэтэйн дуулгаваргүй анхны үзэгдэл гэж болох Францын Аугаа хувьсгал дахь коммунист шинж тэмдгээс зайлбаргүй эхлэх учиртай юм.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn