Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Сталин
2013 оны 8 сарын 14 [Уншсан тоо: 74277]
Манай гаригийн нар

Дараагийн шийдвэрлэх үсрэлтийн өмнө үзэл суртлын бургилаан хэсэг намдана. Аянга ниргүүлэхийн өмнө нам гүм болгодог нь түүний дуртай барил. Энэ удаа аянга хорвоог тэр чигээр нь ниргэхээр зэхжээ.

Оны эцсээр Эзэн улс орныг өөрийн ойн баярт хандуулав.

1949 оны турш улс орон тэр чигээрээ үзэл суртлын нижигнээнтэй зэрэгцэн Жолоодогчийн 70 насны аугаа их баярт бэлтгэв (өөрөө зохиосон огнооных нь дагуу). Ойн өмнөхөн Берия түүнд цэргийнхэн олзолсон өөр нэг хаан Манжийн эзэн хаан Пү И-гийн захидлыг авчирч зугаацуулав. “Тусгай хавтаст хэрэг”-т хадгалагсан тэрхүү ханз бичгийн орчуулга нь:

Энэхүү захидлыг танд бичиж байгаа нь миний хувьд дээд хувь тохиол юм... Хорих газрын захиргаа болон ажиллагсад анхаарал халамж тавьж байна. Энд байхдаа би анх удаа Зөвлөлтийн ном сонинг унших боллоо. 40 жилийн амьдралынхаа туршид анх удаа Ленинизмын асуудал, БХК(б)Н-ын хураангүй түүх-ийг уншлаа. Эндээс СССР бол дэлхийн хамгийн ардчилсан, дэвшилтэт орон, дарлагдсан ард түмэнд зам заагч од гэдгийг ойлгов... Эх орны дайн болон фашист Германы зайлшгүй мөхлийн тухай номоос таны суут жолоодлогыг олж мэдэв... Намайг СССР-т үлдээнэ үү гэсэн хүсэлтээ би дээхэн үед тавьсан боловч одоо болтол хариу алга. Миний хүсэл сонирхол Зөвлөлтийн хүмүүсийхтэй нэгэн ижил, би энд Зөвлөлтийн хүмүүсийн нэгэн адил ажиллаж хөдөлмөрлөн таны ачийг хариулах хүсэлтэй байна.

Ердийн нэг эзэн хаан Бурхансталинд ингэж бичжээ.

Хөөрхий Пү И суллагдах гэж яаж чардайж байсан нь захидлын үг болгоноос харагдана. Гэвч Эзэнд өөр бодол байлаа. Пү Игийн улс коммунист Хятадад нэгдсэн, ингэхээр тэрээр эзэн хаан асныг “хятад ах дүү” Мао Зэдунд гардуулахаар шийджээ. Зөвлөлтийн олзлогсодын лагериас хөөрхий эзэн хаан дахин хүмүүжигдэхээр Хятадын талд хүлээлгэн өгөгдөв.

1949 он хүртэл тэрээр Бурхансталиныг алдаршуулсан “шашны” утга зохиол олныг бичүүлжээ. “Жолоодогч, Багш хоёр”, “Шинжлэх ухаан техникийн манлай”, “Бүхий л цаг үе, ард түмнүүдийн аугаа суут” гэдэг нэрс тогтмол хэлээстэй. Үүнд дотор онцгой алдар ч байсны нэг нь “Манай гаригийн нар” гэсэн Довженкогийн өгсөн нэр юм. Нохой чинь, юм сурсан байна шүү!

Энэ болгон ердийн нэг солиорол биш юм. Энэ тахин шүтлэг маш том зорилготой.

Түүний хүлээн зөвшөөрдөг зохиолчдын нэг нь Петр Павленко. Эзэн тэрнийг утга зохиолын хамгийн дээд шагнал болох Сталины I зэргийн шагналаар дөрвөн удаа мялаажээ. Хоншоортой Павленко үнэн хэрэгтээ тун ч хувьгүй нэгэн байсан юм. 1920 онд намд элссэн тэрээр буудуулсан олон хүнтэй холбоотой байсан болохоор бүх амьдралынхаа турш өнгөрснөөсөө айж, амьдрал нь эргээд там болсон юм... Дайны дараа Павленкогийн бичсэн Тангараг, Берлиний уналт гэсэн хоёр ч кино зохиолыг Эзэн Зөвлөлтийн урлагийн “шилээвэр” бүтээл гэж албан ёсоор зарлав.

Гээд үнэндээ Павленко эдгээр кино зохиолын хамтран зохиогч нь байсан юм.

Тангараг бол Лениний шарил дээр Сталин тангараг тавьж буй тухай бүтээл. Зохиолын нооргийг Павленко хөөр болон манай аавд үзүүлсэн. Нооргийн энд тэндгүй хийсэн засварыг... киноны гол баатар өөрөө бичсэн байваа! Бүх засвар зөвхөн өөрийг нь л хөндсөн байв. Сталины дүрийг Сталин засварлажээ!



Павленко өөрөө ингэж ярьсан: Сталины засвар бүхий нооргийг Берия найруулагч Чиарилид өгөөд тайлбарлалаа: Тангараг бол эрхэм дээд кино болох ёстой, тэнд Ленинийг Библийнхээр бол загалмайлсан Ионн, харин Сталиныг бошигт маягтай үзүүлнэ.

Шашны сургуулийн сурагчийн үг хэллэгээр анхааруулж буй хэрэг.

Тангараг бол Бурханхүний тухай кино. Берлиний уналт-д энэ сэдвийг цааш амжилттай үргэлжлүүлжээ. Киноны төгсгөлд хутаг олж буй нэгэн хэсэг бий: Бошигт Сталин нурсан Берлинд ирнэ. Үгүй ээ, нэг муу мөлхөө вагоноор биш, онгоцоор нисч ирнэ гээ. Цав цагаан дүрэмт хувцас өмссөн (цагаан хувцас гэдэг тэнгэрээс ирдэг лха бурхдын дүр) тэрээр өөрийнх нь тодрохыг хүлээсэн хүмүүст ирлээ. Дэлхийн бүх хэлээр бошигтыг алдаршуулан магтана.

“Ураа” гэсэн түрлэг нижигнэнэ. Гадаадынхан өөр өөрийн хэлээр Сталинтай мэндлэнэ. Гэнэт дуу цуурайтна “Таныхаа араас гэгээн ирээдүй рүү ялалтын замаар урагшилж байна” – ингэж кино зохиолд бичжээ.

Хүн бурхан... Өөрийнх нь нэрэмжит шагналын утга зохиолын салбарт хүн дэвшүүлэх тухай хэлэлцсэн хуралд оролцсон талаараа Сталины шагналын хорооны гишүүн байсан Константин Симонов дурсамж үлдээсэн байдаг.

Хорооны гишүүдийн араар Эзэн чимээгүй алхана. Энэ бол түүний тогтсон араншин – цугларагсад бурханы царайг харахгүй, ард нь яаж байгааг түгшүүртэйгээр таамаглан айж суух ёстой... Гаансаа сорон чимээгүй алхана.

Нарийн бичгийн дарга хэллээ: “Зохиолч Злобиныг Степан Разин роман бичсэн учир Сталины I зэргийн шагналд дэвшүүлж байна”. Гэтэл гэнэт Маленков аймаар үг хаялаа: “Нөхөр Сталин, энэ Злобин чинь Германд олзлогдож байсан болохоор тэнд биеэ сайн авч явсан гэж хэлэхийн аргагүй шүү”. Нэр дэвшигчийг сайтар шалгасан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа болохоор таг чимээгүй, нам гүм болцгоолоо. Тэгэхээр Хорооны гишүүдийн сэрэмжийг шалгасан байх нээ?

Нам гүм дунд Сталины зөөлөн дуу сонсогдлоо: “Өршөөх үү, эс өршөөх үү?”. Бүгд айсандаа таг чиг. Эзэн аажуухан хөлхөн ширээ тойрно. Тэгснээ дахиад: “Өршөөх үү, эс өршөөх үү?”. Энэ бол аймшигтай яллагаа учир асуултын хариу нь таг чимээгүй. Юун шагнал, Злобины толгойг яах вэ гэдэг асуудал. Эзэн дахин нэг тойрог хийснээ мөн л “Өршөөх үү, эс өршөөх үү?”. Тэгснээ өөрөө өөртөө хариулах мэт: “Өршөөе...” Ийнхүү Злобин хорих лагерьт ачигдахын оронд шагнал хүртэж алдар нэр баялагийн оройд гарлаа!.

Тийм ээ, тэр ганцаараа хүний хувь заяаг шийддэг. Бурханхүн тэр хүсвэл ямар ч гэмийг өршөөнө. Ингэж тэднийг сургаж байна.

Бурханхүний ойн баяр боллоо. Ухаанаа зайлтал айсан хамтрагчид нь ойг хэрхэн тэмдэглэх талаар тархиа гашилгана.

1945 онд Германыг ялсны баярыг тохиолдуулж тэд Жолоодогчид генералиссумус гэсэн хачирхалтай цол олгосон. Маршал Конев энэ тухай дурсахдаа Эзэн уцаарлангуй:

Нөхөр Сталинд ийм цол ямар хэрэгтэй юм? Мөн цол бодож олов оо, та нар! Чан Кайши – генералиссумус, Франко – генералиссумус... Сайхан хампаануудтай боллоо...

Гэхдээ л мань хүн генералиссумус болж, хаант засгийн цэргийн жанжнуудын дээд хэргэм зүүв. Одоо тэрээр хаант армийн дүрэмт хувцасны гол чимэг болсон өргөн улаан халзтай өмд бүхий маршалын хувцастай явах боллоо... Тэрээр ардын комиссариатыг яам болгон нэрийг нь сольсон төдийгүй, түшмэдийн хувцсийг хаант засгийн үеийнх шиг нь болголоо... Хамтрагчид нь юутай ч түүний тэмүүллийг ойлгож байв. Ойн баярт зориулж ямар нэг цол хэргэм бодож олох хэрэгтэй... хаан маягийн – гэхдээ хувьсгалт. Юу дээр вэ? Гэтэл ой хариугүй хаяанд ирчихээд байдаг, улам сандралдав.

Архивт би тэдний зовлонгийн мөрийг олж харсан:

Маш нууц. 1949.12.16. “Сталины одон болон ойн медаль буй болгох төсөл”, “Олон улсын Сталины шагналын медалийн тухай”...

Тэд шинээр юу ч бодож олж чадсангүй. Хамтрагчид нь лазан байна гэдгийг Эзэн дахин нэг ойлгов. Төсөл ёсоор “Лениний одонгийн дараа орох” Сталины одонгоос тэр өөрөө татгалзав.

Тэд Сталиныг ойлгосонгүй. Нэр алдраа улам мандуулах өвгөн хүний шохоорхолд асуудал байсан юм биш. Ард түмнээ араасаа дагуулан дайснаа ичээ рүү нь шахах Аугаа мөрөөдлийг хэрэгжүүлэх цаг ойртжээ. Бурхан Сталины гэгээн дүр энэхүү эцсийн шийдвэрлэх цуст тулалдаанд ард түмнийг дагуулах ёстой – нэг хүнийг тахин шүтэхийн гол утга энд л бий. Чухам ийм л учраас нүсэр ойн баяр хэрэг болсон, ийм л учраас сонин, радио өдөр шөнөгүй түүний нэрийг алдаршуулан давтах ёстой юм.

Нэгэн нэр чийр болтол нүжигнээд л... Сталин тэнд, Сталин энд, Сталин цаана чинь. Гал тогоонд орсон ч, хооллосон ч, жорлонд орсон ч Сталинаас зугтаах ямар ч арга алга. Сталин гэдсэн дотор, тархин дотор орж, бүх нүхийг бөглөж, хүний араас шил даран мөрдөж, сэтгэлийн гүн рүү нь утасдаж, орон дээр, хөнжил дотор орчихсон ой ухаан, зүүд нойрыг хүртэл эзэмдэнэ – хэмээн тэр үеийн нэг хүүхэн тэмдэглэлийн дэвтэртээ бичжээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn