Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Завхан нэвтэрхий толь
2013 оны 6 сарын 28 [Уншсан тоо: 132986]
ЗАВХАН НЭВТЭРХИЙ ТОЛЬ



Улс үндэстний түүхийн анхдагч сурвалж, тулгын чулуу болдог Орон нутгийн түүх судлал, эх нутгаа танин мэдэхүй дээр тулгуурласан, эл чиглэлийн олон улсын стандартад нийцсэн анхны нэвтэрхий толийг та бүхэнд өргөн барьж байна. Эх түүхийн судалгааны үндсийн үндэс болдог орон нутаг судлал нь манайд төдий л хөгжөөгүй салбарын нэг байлаа. 1990-ээд оноос нутаг орноо сурталчлах, судлах, ном бүтээлийг өөрийн эрх чөлөөгөөр туурвих бололцоо нээгдсний дараагаар сая энэ боломж олдсон юм. Харин энэ ажил сайн дурын шинжтэй, хувь хүний санаачилга, “өөр өөртөө зөв” гэж харсан арга барил дээр тулгуурласан байдалтай, системчлэл, ангилал зүйн хувьд боловсронгүй болж амжаагүй явж иржээ. Гэвч орон нутаг судлалын анхны шанг татахаар зориглосон уугуул сэхээтнүүд түүхийн олон арван сурвалжийг зааж, мөрдөн сурвалжилбал зохистой өдий төдий үйл явдлын улбааг олж, судалгааны асар баялаг хэрэглэгдэхүүнийг үлдээж чадсныг тэмдэглэлтэй. Тэдгээр ном, тэмдэглэл, бичвэрүүдэд шинжлэх ухааны танин мэдэхүй болоод мистик үзэл санаа, атеизм хийгээд үлэмж сүсэг, шашин хийгээд онго шүтлэг ер бусаар холилдсон байдгийг анзаарахын сацуу хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хэмээн хүндэтгэлтэй хандлаа.

Орон нутгийн түүх сонирхогчдоос эхлээд мэргэжлийн түүхчид, ХХ зууны монголын хөгжлийн янз бүрийн үеийг нарийвчлан судалсан эрдэмтэн, судлаачаас авахуулаад тухайн үйл явдал, үзэгдлийг сонирхон мөрдсөн нийтлэлч сурвалжлаач нар, түүхэн ховор гэрэл зураг цуглуулагчаас байгалийн зургаар мэргэшсэн зурагчид, төрөлх сум аймгаа сурталчлах хүсэлтнүүдээс өгсүүлээд аяллын сэтгүүл зүйн мастерууд, ном бүтээх мэргэжилтнүүд гээд 120 гаруй хүнтэй баг энэ номыг бүтээсэн гэдгийг дурдахад таатай байна. Нэвтэрхий толь бүтээх тогтсон стандарт, олж авсан туршлагадаа тулгуурлан толгой үгс, нэрийн цэс хийх, баримт сэлтийг боловсруулах, хянан тохиолдуулах зэрэг үлэмж нүсэр ажлыг нугаллаа.

Мөн өөрийн бичсэн ном, баримтын сурвалжууд, гүйцэд тодруулж амжаагүй үнэн мөний улбаа сэжим, хувийн цуглуулга сэлтээрээ сэтгэл харамгүй тусалсан олон иргэнд хүндэтгэл илэрхийлье.

Монголын түүхэнд анх удаагаа аймаг орон нутгийнхаа түүх, соёл, аж төрлийн цогц шастирыг орчин цагийн ном бүтээх, нэвтэрхий толь туурвих жишгээр гаргах ажлыг халуунаар дэмжсэн Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газарт хэвлэн нийтлэгчийн зүгээс гүн талархал дэвшүүлж байна.

Орон нутаг судлалын чиглэлээр, нэвтэрхий толь бүтээх стандартаар хийгдсэн анхны бүтээлийг төрөлх аймгаараа хаяглах боломжийг улс үндэстний хэмжээнд анх удаа олсон Завханчууддаа баяр хүргэхийн сацуу энэхүү сайхан үйлсийг хамтран хэрэгжүүлэх боломж олсондоо баяртай буйгаа уламжилж байна.

Нэпко хэвлэлийн газар



Номон суваргад өргөх мялаалгын үг

Арвандолдугаар жарны “Тийн ялсан” хэмээх усан могой жилд 1923 оны засаг захиргааны хувиарлалтаар зохион байгуулагдсан шинэ Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг Хан Тайшир уулын аймгийн гал голомт Завхан аймаг үүсч байгуулагдсаны 90 жил, Улиастай хотын 280 жилийн түүхт их ойнууд давхцан тохиож байна.

Завхан аймаг бол говь, хангай, тал хээр хосолсон онгон дагшин, үзэсгэлэнт сайхан байгальтай, дахин давтагдашгүй ховор сонин амьтан ургамлын хүрээ, нөмрөгтэй, оюунлаг хөдөлмөрч хүн ардтай манай улсын хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан томоохон аймаг билээ.

Завхан аймгаас буддын хоосон чанарын гүн ухааны шидэт тарнийн шившлэг хүчин, адис жанлав, увидас эрдмийг төгс эзэмшсэн ар халхын их хутагт хувилгаад, монгол эх орны тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн үе үеийн цогт эх орончид, монгол төрийн алтан жолоог түшсэн ихэс дээдэс, төр нийгэм, шашин, соёлын зүтгэлтнүүд, эрдэм номын гэрэл гэгээ цацруулсан эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчид, их яруу найрагчид, шинэ монгол улсын хөгжил дэвшлийн хөтөч түүчээ болсон хөдөлмөр бүтээлийн гарамгай сайчууд, урлаг спортын суу алдартнууд хэдэн зуу мянгаараа төрөн гарсан нь бахархам сайхан түүх юм.

Шинэ үеийн шинжлэх ухаанаар эрдмийн цол зэрэг хамгаалсан хүмүүсийн тоогоор улс Монголдоо тэргүүлдэг нь Завханчуудын оюуны сэтгэлгээний цар хүрээ, байгалиас заяасан билэг саруул ухааных нь чадамжийг илэрхийлнэ.

Завхан нутгийг замын хүн саатмаар зол жаргалын нутаг, завханчуудыг золбоо хийморьтой, зовхи нь өөдөө ард түмэн гэлцдэг нь утга агуулга өндөр, учир зүй гүн зүйрлэл бөгөөд монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан Отгонтэнгэр хайрханы үл тайлагдах нууцын их хүчинтэй олон шижмээр холбогдох буйзаа.

Төрөлх аймгийнхаа 90 жилийн их ойд зориулан Завхан нутгийн үр сад хэмээн зүй ёсоор дуудуулдаг, манай үндэсний сэхээтнүүд, бичиг соёлын зүтгэлтнүүд хамтран аймгийн ЗДТГ, Улаанбаатар хот дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн хүсэлтээр Завхан аймгийн нэвтэрхий толийг дэлхийн жишиг стандартад нийцүүлэн хоёр ботиор туурвин бүтээсэнд гүн талархал илэрхийлье.

Шинжлэх ухааны багтаамжтай мэдээлэл технологийн эрин зуун өнөө цаг үед нэвтэрхий толийн нийгмийн үүрэг, ач холбогдол нэн өндөр болж байна.

Нэвтэрхий толь гэдэг нь хүн төрөлхтний хуримтлуулсан мэдээллийг боловсруулж хамгийн чухал хэсгийг нь системчлэн хураангуйлсан ерөнхий мэдлэг буюу сайтар цэгцэлсэн боловсрол ажээ.

НЭПКО хэвлэлийн газарт бүтээгдсэн Britannica ширээний нэвтэрхий толь найман боть болон Britannica Монгол хураангуй толь хошоод ботийн үлгэр туршлага, уламжлал дээр орон нутгийн нэвтэрхий толь зүйд анхны шан татагдаж байгаа нь энэ юм.

Монгол Улсын ууган аймгийн нэг Завхан аймгийн түүх, соёл уламжлал заншил, угсаа гарвал, ургамал амьтан, байгалийн дурсгалт болон өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрууд, алдар гавьяатай хүмүүсийн тухай 4.000 гаруй нэгж иж бүрэн мэдээллийг агуулсан Завхан нэвтэрхий толь нэн үнэ цэнэтэй давтагдашгүй бүтээл болжээ.

Энэхүү толь бичиг нийт хүн зоны маань, нэн ялангуяа өсвөр үеийн хүүхэд багачууд, оюутан залуусын ерөнхий эрдмийн мэдлэгийн цар хүрээг тэлэх ухааны жаргалын хөтөч болж далай мэт ач тусаа өгөх нь маргаангүй билээ. Нөгөөтэйгүүр төрөлх аймгаа сурталчилсан цоо шинэ жишиг, эрдэм мэдлэг түгээсэн үнэлэмж бүхий хэв загвар боллоо.

Манай аймаг дэлхийн жишиг, гурван зууны түүхтэй Britannica нэвтэрхий толь-ны стандартаар бүтээгдсэн нэвтэрхий тольтой анхны аймаг болж яруу алдарт 90 жилийн ойгоо угтаж буй нь туйлын бахархалтай, зол завшаантай хэрэг бөгөөд нэгэн ухаантны хэлсэнчлэн “мэдээлэлд шингэн алга болохгүй мэдлэгийн суварга”-ыг бүтээлээ.

Бичиг номын их хүмүүс, сод мэргэн ухаантны залгамж хойч заяа золтой Завхан нутагт минь маанийн үрэл лугаа адил үржин олшрохын ерөөл өргөе.

Саруул ухаантнуудын сайн үйл
дэлгэрэх болтугай!


Завхан аймгийн Засаг дарга Хотгойд овогтой Жамъянжавын Жамъянтив.






МОНГОЛ УЛС
ЗАВХАН АЙМАГ
ОН ДАРААЛЛЫН БИЧИГ

Завхан аймгийн ард зоны амьдралын замнал, засаг захиргааны түүхийн он дарааллын бичгийг уншигч танд барьж байна. Аймаг орон нутгийн түүх бол улс үндэстнийхээ тулгын чулууны нэг, Монгол Улсын түүхийн салшгүй нэгэн бүрдэл билээ. Ийм учраас Халхын аймгууд байгуулагдаж эхэлсэн тэр үеэс эхлүүлэн өнөөг хүртэлх нийт монголчуудын түүхийг суурь үндэс болгон авлаа. Завханчууд хийгээд орон нутгийн түүх шастир сонирхон судлагч хэн боловч эх орныхоо түүхийг, эл аймаг газрын түүхтэй хослуулан харах, үзэх боломжтой байхаар бодож хийлээ.

Орон нутгийн түүхийн товчоон, он дарааллын бичигт өрнө дахины хронологийн стандарт түвшинд нийцэн анх удаа гарч байгаа нь энэ. Он дарааллын бичиг бүтээх аргачлал, эрхийг Герман улсын Хроника хэвлэлийн газраас авсан болно. Үүний өмнө дээрх газрын хэвлэн нийтлэх эрхийн хүрээнд НЭПКО хэвлэлийн газраас гаргасан Монгол Улс 100 жил (1911-2011) номыг улсынхаа түүхийн сурвалж, суурь болгон ашиглалаа. Уг бүтээл 1911 оноос хойших үеийг хамарч байсныг 500-аад жилээр урагшлуулан Халхын хаант ул байгуулагдсан үеэс эхлүүлэн өгүүлсэн болно.

Эл бүтээл нь өнөөгийн Завханчууд, удам судраараа Отгонтэнгэрийн оронтой холбогдсон хүмүүс хийгээд аль ч газрын уншигч нарт унших, судлахад дөхөмтэй, мэдээлэл авахад хялбар, өгөөжтэй туурвил болсон гэдэгт итгэж байна.


НЭПКО хэвлэлийн газар


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив