Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Брежнев
2013 оны 5 сарын 14 [Уншсан тоо: 78666]
ЗОХИОГЧООС

Брежневийн тухай анх яаж сонсож, зургийг нь яаж харснаа сайн санаж байна. Би 1964 оны есдүгээр сард нэгдүгээр ангид оров. Энэ бол бид Хрущёвын амласан коммунизмыг хүлээн аж төрж байсан цаг. Мордовт багшийн сургууль төгссөн манай ангийн багш районы боловсролын хэлтсийн зөвлөмжийн дагуу:

–Коммунизм ганцхан өдөр хүрээд ирэхгүйг санаж байх хэрэгтэй, нэгэн өглөө радиогоор өнөөдөр коммунизм эхэллээ гэж зарлана гэж бодох ёсгүй. Коммунизм зугуухан ирнэ гэж тодотгож хэлдэг байлаа.

Гэхдээ коммунизм удахгүй ирнэ гэдэгт Хрущёвыг огцруулсан ЗХУКН-ын ТХ-ны аравдугаар сарын бүгд хурал хүртэл хэн ч эргэлзэж байгаагүй.

Чухам тэгэхэд би Леонид Ильичийг харсан, юу гэвэл түүний зураг бүх сонины нэгдүгээр нүүрэнд сайхан дурайж байсан юм. Тэр өдрүүдэд зурагтаар юу үзүүлж байсныг би мэдэхгүй, зурагтыг тэр үед тансаг эд гэж үздэг, эцэг эхийн маань түрийвч нимгэдээд лав л манайд байхгүй. Харин сониныг бол тэд маань янз янзаар нь захиална. Томчууд улс оронд тохиосон гайхам өөрчлөлтийн тухай ярилцахаар гал тогоонд цугларахад нөгөө сонинууд чинь миний өмч боллоо. Хоёр хөрөг байсан нь Брежнев, Косыгин хоёрынх. Гэхдээ томчууд зөвхөн Брежневийн тухай ярилцаж байсныг санаж байна. Чухам түүнийг улс орны удирдагч болно гэдгийг ойлгоцгоосон юм болов уу даа? Тэрээр надад ч бас таалагдсан юм даг.

Түүний нас барсан өдрийг би бас яг тэгж тодорхой санаж байна. Би өмнө зүгт урт хугацаагаар томилолтоор яваад, 1982 оны арваннэгдүгээр сарын 10-нд хүйтэн Москвад эргэж ирлээ. Гэртээ ирээд цүнхнээсээ юмаа гаргах зуур радиогоо асаатал ямар нэг юм болсон нь тодорхой болов: радио, телевизийн бүх сувгаар гуниглант сонгодог хөгжим нэвтрүүлж байна. Мань хүн үү, өөр хүн үү гэж таацгаалаа. Леонид Ильичийг таалах сэтгэлээс юу ч үлдсэнгүй. Улс орон түүнээс залхаж гүйцжээ...

Брежневийн даргалсан арван найман жил бол миний идэр хийгээд залуу насны он жилүүд, нас бие гүйцэх, амьдралыг шимтэн сонирхох болсон он жилүүд. Тэгээд би энэ номыг бичиж байхдаа энэ бүх он жилүүдийг дахин туулах шиг болсон.

Энэ завсар бас гуниглах үе ч таарч байлаа. Юу гэвэл, түүний намтрыг бичиж байх зуур Брежневийн эринд адгийн гэхээргүй үүрэг гүйцэтгэж байсан, надад олон зүйл ярьж өгсөн хүмүүс ар араасаа төрөл арилжин одсон юм. Би энэ номонд мөн дурдсан, хайртай хойд эцгийгээ ч бас нутаглуулсан, эцэг маань бусад олон зүйлээс гадна засаг барих брежневч маягийн механизмыг надад ойлгуулсан хүн.

Гэхдээ энэ нь боломжийг алдсан он жилүүд, хүчээ дэмий үрэн таран хийсэн он жилүүд байсныг ухаарах л юунаас ч илүү гунигтай байлгүй яахав! Брежнев шинэчлэлийг хүлээсэн, урагшлан хөгжихийг мөрөөдөж байсан улсыг хүлээж аваад, урам нь хугарсан, илэрхий хоёр нүүрлэн завхарсан, өндөр хөгжилтэй орнуудаас хоцорсон улсыг үлдээжээ. Ингэхэд би дэндүү өрсөөд давхичихлаа...

1964 оны аравдугаар сард Леонид Ильич Брежнев улс орны толгойд гарахад түүнийг үхэн үхтлээ арван найман жилийн турш Зөвлөлт Холбоот Улсыг удирдана чинээ хэн ч санасангүй.

АЛМААЗ ЭРДЭНЭД ШУНАХ, САЙХАН ЭРД ДУРЛАХ


Конотоп юун дээр тэсч тогтож байв? Дарга нарт ая тал засах, ашигтай байх чадвар дээрээ. Эхлээд Хрущёвын, дараа нь Брежневийн тэг гэсэн болгоныг үг дуугүй хийж ирсэн. Никита Сергеевич Конотопын даварсан хичээл зүтгэлийг бүр хазаарлахдаа хүрч байжээ.

Өөрийн гэсэн бодолтой, тэр бодлоо товчооны хурал дээр хэлдэг хүмүүсийг Конотоп ягуухан шахаж зайлуулна. Тэгэхдээ мэлзэхийн аргагүй эвтэйхэн, сурамгай хийнэ. Виктор Папутинг яг тэгж шилийг нь харсан. Хагацах аятайхан боломжийг хүлээж байгаад гараад ирмэгц нь сайхан далимдуулжээ.

Дотоодыг хамгаалахын байгууллагуудыг үе үе намын боловсон хүчнээр бэхжүүлдгийг далимдуулан Конотоп нэгэн мөчид Төв хорооны боловсон хүчний ажилтанд ДХЯ-ны удирдлагыг мужийн намын хорооны ирээдүйтэй нарийн бичгийн даргаар бэхжүүлэхийг зөвлөжээ.

1974 онд Папутинг мужийн намын хорооноос ЗСБНХУ-ын Дотоод хэргийн яаманд нэгдүгээр орлогч сайдаар шилжүүлжээ. Энэ нь албан тушаал буураагүйгээс гадна цалингийн хувьд бүр хожоотой томилолт. Виктор Семёнович мужийн намын хороонд дөрвөн зуун тавин рублийн цалинтай, ээлжийн амралтаар нь сарын цалин нэмж өгнө, Дээд Зөвлөлийн депутат гэж зуун рубль авна. Яаманд бол генерал цол авснаар цалин ч нэмэгдсэн, цол, удаан жилийн нэмэгдэл энэ тэр нийлээд хуучнаасаа хоёр дахин илүү авах болжээ.

Надад дотоод хэргийн өөр нэг орлогч сайд тоглоом шоглоомоор,
–Үрэх юм олдохгүй их мөнгө авдаг байлаа гэж ярьж байв.

Гэхдээ Папутинг ДХЯ-нд шилжүүлсэн нь чухамдаа түүний алба дэвших замд цэг тавьсан хэрэг байжээ. Тэрээр ТХ-ны орлогч гишүүн, Дээд Зөвлөлийн депутат байсан. Нэгдүгээр орлогч сайд ерөөсөө ийм байх ёсгүй. Папутинг Москва мужийн намын хоёрдугаар нарийн бичгийн даргаас өөр мужид бүр нэгдүгээр нарийн бичгийн даргаар явуулж болно. Дотоод хэргийн нэгдүгээр орлогч сайдаас дэвшүүлэх суудал нэг их байхгүй.

ДХЯ-ны хувьд бол нэгдүгээр орлогчийн албанаас сайдын суудал руу үсрэх боломж үнэн хэрэгтээ байхгүй. Нэгдүгээрт, ерөнхий нарийн бичгийн даргын хувийн найз Николай Анисимович Щёлоков сайд байсан, түүнд тэтгэвэрт гарах санаа зорилго байгаагүй; хоёрдугаарт, тэр яаманд Брежневийн хүргэн Юрий Михайлович Чурбанов маш хурдан алба дэвшиж байсан. Түүнийг л дараачийн сайд болох байх гэж хэн хүнгүй ойлгож байв.

Юрий Михайлович Чурбанов 1971 оны дөрөвдүгээр сарын 17-нд Галина Леонидовна Брежневатай гэрлэхдээ ердөө ДХЯ-ны хорих газруудын улс төрийн хэлтсийн орлогч дарга, дэд хурандаа байжээ.

Чурбанов дунд гарын дансны ажилтны гэр бүлд 1936 онд төрсөн, Лениний районы комсомолын хороонд түргэн орж таараад тэндээсээ хотын хороонд шилжсэн. 1961 комсомолын идэвхтэй ажилтныг хэв журам сахиулах байгууллагад дайчилжээ. Тэгээд ЗСБНХОУ-ын ДХЯ-ны (Төвийн ДХЯ-ыг Хрущёв татан буулгасан, дараа нь Брежнев сэргээн байгуулсан) хорих газруудын Ерөнхий газрын улс төрийн хэлтэст комсомол хариуцсан зааварлагч, дараа нь Москва мужийн мөн чиглэлийн газрын улс төрийн хэлтсийн даргын комсомол хариуцсан туслах хийжээ.

Тэндээс нь Чурбановыг комсомолын ТХ-ны суртал ухуулгын хэлтэст зааварлагчаар авчээ. Дараа нь алба дэвшин өсвөр насныхантай ажиллах тасгийн эрхлэгч болсон. Гэвч ТХ-ндоо цааш дэвшсэнгүй, буцаад атаархах юмгүй хорих газруудын улс төрийн хэлтэст ирсэн, гэхдээ энэ удаа Зөвлөлтийн ДХЯ-ныхад иржээ. Хариуцсан бүсд нь хожим өөрийнх нь ял эдэлсэн газар ч орж байжээ...

Чурбановыг хуримласных нь дараа шууд хурандаа болгож, арай зохистой ажил олж, ДХЯ-ны дотоодын цэргийн улс төрийн газрын орлогч даргаар томилжээ. Тэр газрын дарга нь мандаж яваа одод суудлаа чөлөөлж өгч таарахыгаа удалгүй ойлгожээ.

Чурбанов хуримнаасаа хойш гурван жилийн дараа улс төрийн газрын дарга болж, генерал цол, Улаан таван хошуу одон авчээ. Дахиад нэг жил өнгөрөхөд дотоод хэргийн орлогч сайд, дэслэгч генерал болов. Сэтгэл хангалуун Брежнев хүргэнийхээ машин руу утасджээ:

–Чамайг томилох тухай улс төрийн товчооны шийдвэрт би тун сая гарын үсэг зурлаа...

Өндөр албан тушаалын араас намын бүр өндөр зэрэг дэв ирлээ.

Карен Брутенц Завидовод ерөнхий нарийн бичгийн даргын ээлжит хэлэх үгийг боловсруулж байхдаа Брежнев ТХ-ны боловсон хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Иван Капитонов хоёрын ярианы гэрч санамсаргүй болжээ. Зуйрган ч гэсэн хашир Иван Васильевич ерөнхий нарийн бичгийн даргын гэр бүлийн гишүүдээс ТХ-ны бүрэлдэхүүнд оруулж болох уу гэж асуужээ.

Леонид Ильич жаахан гоморхсон янзтай,
–Юу вэ, миний гэр бүлийн гишүүд чинь эрхээ хасуулагчид юм уу? гэж зөрүүлж асуусан байна.

Яг дараачийн их хурал дээр Чурбановыг ЗХУКН-ын Төв шалган байцаах комиссын гишүүнээр, XXVI их хурал дээр ТХ-ны орлогч гишүүнээр тус тус сонгожээ. Дараа нь намын дээд удирдлагын бүрэлдэхүүнд Брежневийн хүү, гадаад худалдааны нэгдүгээр орлогч сайд Юрий Леонидовичийг ч бас сонгосон.
Щёлоков энэ дүрмээр уухайн тас тоглоно. Тэрээр хүргэн Чурбановт алба дэвшихэд нь туслаад, хариуд нь Леонид Ильич өөрийн зүгээс талархан хандана гэж найдаж байв.

Гадаад худалдааны сайд Николай Семёнович Патоличев мөн тийм дүрмээр тоглож, Юрий Леонидович Брежневийг өөрийнхөө нэгдүгээр орлогч сайд болгосны хувьд Социалист хөдөлмөрийн баатрын алтан таван хошуу хоёрыг авчээ.

Патоличев бол аппаратын ажлын бүх учир начир, арга чаргыг танин мэдсэн үнэнхүү туршлагатай хүн.

Гадаад худалдааны яамны харьяанд байдаг “Международная книга” нэгдэл зөвлөлтийн утга зохиолыг хилийн чанадад борлуулах ажил эрхэлнэ. Хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэр, номын худалдааны улсын хорооны дарга Борис Иванович Стукалин “Межкнига”-г хорооныхоо харьяа болгох асуудлыг зүй ёсоор тавина.

Тэрээр өөрийнхөө байр суурийг учирлаж, улам бүр нарийн үндэслэл гарган Патоличевтэй удаан ярилцжээ. Патоличев татгалзаж хэлэх юмгүй болмогц үнэнээ хэлж,
–Бодвол чиний зөв байх. Гэхдээ чамд нэг юм хэлье, юу гэвэл ямар нэг юмыг нь тасдаж авсан яам өөдөлдөггүй, урууддаг юм. Тийм учраас би чамд “Межкнига”-г өгөхгүй! гэжээ.

Тийм учраас Николай Семёнович Патоличев элдэв болзолт ёсыг эс тоомсорлон, хүү Брежневийг алба дэвшихэд идэвхтэй тусалж байв.

Юрий Леонидович Гадаад худалдааны академи төгсөөд, дур сонирхолдоо таарах ажлын байр хайн яамаар явжээ. Бүх холбоотын “Технопромимпорт” нэгдлийн дарга Владимир Сушков дурсаж байна:
«Миний өрөөнд Леонид Ильич Брежневтэй жигтэйхэн адилхан нэг залуу орж ирсэн. Гайхалтай адилхан, арай намавтар, царай нь арай булбарай залуу. Нэр нь Юрий Леонидович Брежнев.

Би түүнд манайхны юу хийдгийг ярьж өгч, манай байгууллагад ажиллах хэрэггүй гэж ятгах гэж оролдсон. Эцэг нь тэр үед ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга байсан, тийм хүмүүсийн хөвүүд голдуу олон ааштай, эрх танхи, осолтой байдаг.

Тэрээр хоёр долоо хоногийн дараа дахиж ирээд, чухам манай нэгдэл өөрт нь таалагдаж байна гэсэн. Би түүнийг цахилгаан тоног төхөөрөмжийн салбарт ахлах инженерээр томилсон. Энэ бол жирийн нэг албан тушаал. Гэтэл, аз болоход, би дэмий болгоомжилсон болж таарсан. Юра ажлаа маш сайн хийнэ, биеэ даруухан авч явна, хамт олонтой гар нийлсэн...

Цаг хугацаа урсан, би хүү Брежневт улам бүр итгэх болсон. Биеэ тооно, сагсуурна гэж байхгүй. Хэзээ ч тусархуу, сайхан сэтгэлтэй чигээрээ үлдсэн, энэ тухайд эцэгэрхүүгээ.

Эцэг Брежневийг ЗХУКН-ын ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга болоход Юрий Леонидович Шведэд худалдааны төлөөлөгчийн орлогчоор яваад, дараа нь худалдааны төлөөлөгч болсон. Буцаж ирснийхээ дараа албаны шатаар түргэн өгсөж, нэгдүгээр орлогч сайд болсон».

Сушков ярьж байна:
«Юрий Леонидович айхтар өөрчлөгдсөн. Их тусархуу хүн байсан, үүнийг нь олон хүн ашиглана. Хэн хүнгүй түүнийг зочноор урина, бүгдээрээ “найз” нь болчихно. Түүнийг аль болохоор уулгах гэж дандаа элдэвлэцгээнэ. Юра балгахаараа улам сайхан сэтгэлтэй болно, тэгэнгүүт нь санал хүсэлт ундраад эхэлнэ.

Чухамхүү тэр “найз нар” нь Юраг их уудаг болоход нэрмээс болсон гэж би үздэг юм. Мань хүн нэг хөөрхөн хүүхнийг туслахаа болгож авсан, түүнтэйгээ хамт хилийн чанадад явна. Шөнийн үйлчилгээний газруудаар орох болсон, согтуу байх нь олширсон. Бид нэг удаа Токиод манай худалдааны төлөөлөгчийн газар тааралдсан. Юра үд дунд халамцуу явж байж билээ. Үнэнч шударга, сайхан сэтгэлтэй, сайн хүнийг орчин нь ингэж эвдэж байсанд би үнэн санаанаасаа харамсч байсан».

Юрий Леонидович алба дэвшинэ гэж тооцоолон, далайн флотын сайдын суудлыг онилож байсан гэцгээдэг. Энэ бол далайн бүх тээврийг хариуцдаг, Гадаад худалдааны яамтай хоршигч байгууллага. Гэвч тэрээр засгийн газрын гишүүн болж амжаагүй.

Эцэг Брежнев хүү Брежневтээ яаж одон гардуулж байгааг телевизээр харуулахад улс даяар Леонид Ильичийн хүүг мэдэж авсан. Ерөнхий нарийн бичгийн дарга тийм мундаг хүүтэйдээ баярлан уярсан бол, улс орон нь Брежневийн гэр бүлийнхний ичгүүргүй байдалд мэл гайхан эгдүүцсэн.

Брежневийн гэр бүлийнхний ялзруулах уур амьсгал нийгэмд түргэн түгэн дэлгэрч байв.

Брежневийх Галина, Юрий гэдэг хоёр хүүхэдтэй; дараа нь ач, зээтэй болсон, Галинагийн охин Виктория, Юрийн хүү Леонид, Андрей хоёр. Түүнээс гадна Леонид Ильич, Виктория Петровна хоёр аль аль нь олон хамаатан садантай, тэднийхээ төлөө хоёулаа санаа тавина.

Жишээ нь, Брежневийн баз Константин Никитович Белякийг сайд болгож баярлуулахын тулд 1973 оны намар Мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрийн машины шинэ яам байгуулжээ.

Брежневийн дүү ялдам сайхан хүүхэн Вера Ильинична Днепрозержинсктээ, тэндхийхээ дээд сургуулийн химийн тэнхимд лаборант чигээрээ үлдсэн. Дүү Яков Брежнев нь гэр бүлийнхээ уламжлалыг үргэлжлүүлэн, Днепрозержинскийн төмөрлөгийн үйлдвэрийн цувих цехийн даргаар ажиллаж байсан. Хожим ах нь түүнийг Москвад шилжүүлж авчирсан.

Гүржийн КН-ын ТХ-ны тэр үеийн хоёрдугаар нарийн бичгийн дарга Петр Родионов ерөнхий даргын дүү өөр рүү нь ВЧ утсаар залгаж,
–Тантай Яков Ильич Брежнев ярьж байна гэж өөрийгөө ёсорхон танилцуулсан тухай дурссан байдаг.

Тэр үед Гүржид авилгатай тэмцэх кампанит ажил өрнөж байсан бөгөөд Яков Брежнев нэг баригдсан хүний талаар хүсэлт тавьжээ.

Петр Родионов тиймэрхүү нөхцөлд тэгдэгчлэн,
–Уучлаарай, мөрдөн байцаах байгууллагын хэрэгт хөндлөнгөөс оролцох, дарамт үзүүлэх ямар ч эрх надад байхгүй гэж хариулжээ.
Брежневийн дүү,
–Та чадъя гэвэл юуг ч чадна, таны гарт их эрх мэдэл байгаа гэж зүтгэсэн гэнэ.

Яков Ильич сайхан тэвхгэр ахтайгаа төс багатай, намхан нуруутай, шаргал үстэй, яггүй балгана, их хүүхэмсэг. Хэтрүүлж уусаар сэтгэл мэдрэлийн өвчтөний эмнэлэгт хэвтэхдээ хүрсэн ажээ. Түүний охин, “Ерөнхий даргын зээ дүү” гэдэг ном бичсэн Любовь Яковлевна Брежнева Америкт амьдардаг.

Зан араншин, ааг омгоороо хамгийн зартай нь Галина Леонидовна Брежнева болж таарчээ. Идэр залуудаа гоё, золбоотой хүүхэн байсан, эцэг л гэсэн үг. Адал явдлаар дүүрэн, сайхан амьдрахыг хүснэ.

Ерөнхий нарийн бичгийн даргын туслах Виктор Голиков Валерий Болдинд ярьж байна:
«Леонид Ильичийн охин нь хорин нэгтэйдээ (Брежнев дөнгөж Молдавт ирээд байсан үе) гэрээсээ явж, хөгшин циркчинтэй сууж, Кишинёвийн их сургуулийг хоёрдугаар дамжаанаас нь хаясан. Биеэ дааж амьдрах болсноор хамаг амьдралаа үрэх замд орж, Леонид Ильичийн үлдсэн бүх насанд нь эдгэшгүй сорви суулгасан. Зан аяг нь, ээ бүү үзэгд. Хүү нь? Гэм хоргүй гэхээр эр хүн, гэтэл хундагатай нөхөрлөчихсөн. Тэгэхээр чинь юуных нь орлогч сайд байх вэ дээ?»

Галина Брежневагийн анхны нөхөр нь циркийн акробатчин, алиалагч Евгений Милаев, хүч чадал, самбаа сүйхээгээрээ оюутан бүсгүйн сэтгэлийг эзэмджээ. Тэр хоёр найман жил хамт амьдарч, Виктория (эмээгийнх нэрээр) гэдэг охинтой болсон. Хэрүүл уруулгүй салцгаасан. Милаев яваандаа ЗСБНХУ-ын ардын жүжигчин, Вернадскийн өргөн чөлөөн дэх Москвагийн циркийн захирал болсон.

Евгений Милаев хэрсүү, амгалан хүн байжээ. Харин Галина Леонидовна бол байнгын баяр найр хүснэ. Залуу илбэчин Игорь Эмильевич Кио гайхамшигт урлагаараа Галяг мэл гайхуулж цэл хөхрүүлжээ. Кио ердөө арван наймтай, Галя гучин хоёртой, энэ амрагийн явдал Брежневийнхэнд таалагдсангүй. Игорь Киог цэрэгт татах гэсэн боловч Подольскийн цэргийн эмнэлгийн эмч нар үе дамжсан илбэчинг цэргийн албанд тэнцэхгүй гэж нотолжээ.

Галина, Игорь хоёр өмнөд нутагт очиж, тэнд харилцаагаа албан ёсны болгон бүртгүүлсэн боловч тэдний гэрлэлт ердөө ес хоног үргэлжилжээ. Брежнев УАХХ-ны дарга Семичастныйгаас туслалцаа хүссэнээр Игорь Киод Леонид Ильичийн охины амьдралаас алга болох ёстой гэдгийг ойлгуулжээ. Түүний паспортыг хураан аваад, Галина Леонидовнатай гэрлэсэн гэдэг тамгагүй паспортыг буцааж өгчээ.

–Би залуухан, сэтгэл амархан алдардаг байсан. Кио хулчийсан. Ганцхан зандрахад ухаан алдчихсан. Би уул нь түүнд хэнээс ч илүү хайртай байсан юм гэж Галина Брежнева гунигтай ярьж байв.

Галина Евгений Милаевын хатуу гараас мултраад архи хэтрүүлж хэрэглэх болжээ. Түүнийг Гадаад хэргийн яаманд ажилд оруулсан.

Галина Ерофеева дурсаж байна:
«Галина Брежневд зориулан Түүх-дипломат архивын газрын жижигхэн хэвлэлийн хэлтэст өмнө нь хэзээ ч байгаагүй орлогч эрхлэгчийн орон тоо бий болгосон. Тус хэлтэс голчлон зөвлөлтийн хэвлэлийн материалаар дипломат баримт бичгийн эмхтгэл гаргана. Энэ бол хайч, цавууны ажил.

Хөгжилтэй адал явдал шохоорхогч хүүхэн энэ “хариуцлагатай” ажлыг “удирдах” явдлаас төдөлгүй залхжээ. Тэгээд бие мууг нотолсон эмчийн бичиг ойр ойрхон авчрах болсон. Газрын дарга түүнд эмчийн бичиг хийлгэх гэж зовж байхын хэрэггүй, өөрийнхөө хэлтэс рүү бие муу байгаагаа дуулгаад л болно гэж хэлж байдлыг нь хөнгөвчилжээ...

Түүний “хариуцлагатай ажлыг” удалгүй нэр төртэй үнэлсэн: жил гаруйхан ажиллаад, тавин насныхаа ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авсан.

Тэрээр газрынхандаа зориулан цайллага хийхдээ баахан алмааз эрдэнээр гоёж ирсэн. Хоёр гурван хундага татаж халамцаад, энэ эрдэнэсээр эцгээсээ хойш амь зуух санаатайгаа цугласан хүмүүст учирлаж байсан».

Түүний үнэт эрдэнэст дурлах шунал, хачирхам зан аягаас нь болж үнэмшихийн аргагүй цуурхал тарна. Галина Леонидовнагийн янаг амрагийн явдлын тухай, зарим нэг сэжигтэй этгээдтэй ойр дотно холбоотойн тухай Москвагийн олон нийт тэр үед хэл амаа багагүй билүүднэ. Хууль сахиулах байгууллагын хараанд орсон зарим хүнтэй үнэхээр танил байсан. Жишээ нь, Соёлын яамны коллегийн гишүүн, Бүх холбоотын “Союзгосцирк” нэгдлийн ерөнхий захирал Анатолий Андреевич Колеватовын охинтой үерхэнэ. Колеватов 1982 оны хоёрдугаар сард баривчлагдсан.

1982 оны гуравдугаар сарын 1-нд Москва хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Виктор Гришин ТХ-нд бичиг явуулжээ:

«Колеватов удаан хугацааны туршид албан тушаалаа урвуулан ашиглаж, гадаадад явахад нь дөхөм үзүүлсэн, тоглох үзүүлбэрийг баталж өгсөн, хүндэт цолд тодорхойлсон энэ тэрийнхээ төлөө Союзгосциркийн жүжигчид, албан хаагчдаас үнэт эрдэнийн эдлэл, хувцас хунар, гадаадын радио-телевизийн аппарат хэрэгсэл, түүнчлэн бусад зүйлээр хахууль тогтмол авч байсныг мөрдлөгөөр тогтоожээ...

Колеватовын байранд хийсэн нэгжлэгээр урьдчилсан тооцоогоор хоёр сая орчим рублийн үнэт зүйлсийг хурааж авсан байна».

Галина Леонидовна алмааз эрдэнэд төдийгүй сайхан эрд дурлана. Өөртэй нь хувь заяагаа холбосон Юрий Чурбанов амьдралд нь бий болох хүртэл олон эрийг сольсон.

Дотоод хэргийн сайд Щёлоков ажил хийдэггүй, мэргэжлийн бус хэмээн Чурбановыг тээршаадаг байсан гэцгээдэг. Харин учир мэдэх хүмүүс Чурбановыг, ялангуяа орлогч сайд байхдаа бодит өгөөжтэй ажиллаж байсан гэж нотолдог. Яам Чурбановоор дамжуулан ТХ-гоор, жишээ нь, цалин нэмэгдүүлэх зэрэг чухал шийдвэр гаргуулсан байдаг. Сэргийлэхийн цолны нэмэгдэл армийнхаас хоёр дахин, УАХХ-ныхоос дөрөв дахин бага. Щёлоков сэргийлэхийн офицерыг армийн офицертэй адилтгуулж дөнгөжээ. Дотоодын цэргийн офицерууд ч Юрий Михайловичийг дурсахдаа ам сайтай байдаг: тэрээр мөнгөн харамжийг нь нэмэгдүүлж чадсанаар барахгүй шинэ дүрэмт хувцастай болох шийдвэрийг засгийн газраар гаргуулж, тэгснээр дотоодын цэрэг хүн амьтны дургүй хүргэдэг цэнхэр малгайнаасаа салсан.

Юрий Михайлович өөрийнхөө гадаад төрхөнд их санаа тавина: үсчинд байнга очно, албан өрөөндөө сайхан индүүдсэн хоёроос доошгүй дүрэмт өмд байлгана. Чурбановыг их өөрчлөгдсөн, сагсуу, ихэмсэг болсон гэж тээр хойно л ярьцгаах болсон аж.

Өмнө үгийг нь иш татсан Валерий Харазов тэр үед Литвийн ТХ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга байжээ. Тэрээр төвийн дотоод хэргийн яамны орлогч сайд Чурбановын Вильнюст ирсэн тухай ярьсан юм.

Республикийнх нь дотоод хэргийн сайд Хазаровт:
–Юрий Михайловичийг өмнө, хойно нь тус бүр нэг замын цагдаагийн машинтай авч явж байгаа гэж илтгэжээ.

Маргааш нь Чурбановт хорих анги үзүүлэх ёстой байж. Хазаров Москвагийн зочноо тийш нь өөрийнхөө машинд суулган, сэргийлэхийн ямар ч хамгаалалтгүй авч явжээ. Замд нь жаахан бөглөө үүсч тэдний машин зогсозноход, муу зан сурсан Чурбанов:
–Танай сайд чинь яачихсан хүн бэ? Замын цагдаагийн машин дагуулаад явуулчихдаггүй байна шүү гэж эгдүүцсэн байна.

Хазаров түүн рүү эргэн,
–Юрий Михайлович, та чинь надтай явж байна шүү дээ. Би хэзээ ч дагуул машинтай явдаггүй гэж тайван хэлсэн аж.

Чурбанов республикийн намын удирдлагатай зөрж төвдсөнгүй чимээгүй болжээ. Харин нөгөө газраа очингуут юу ч үзэж амжаагүй байгаа хэрнээ хамаг хор шараа хорихын даргад гаргажээ:
–Танай энд чинь юу гээч болж байна аа! Ямар заваан юм бэ! Дэг журам алдаж гүйцжээ! Би таныг үзэгнийхээ үзүүрээр албан тушаалаас чинь хална шүү!..

Чурбанов ууж идэх, ан гөрөө хөөх, хүүхэн эргүүлэх хорхойтойг ТХ, ДХЯ хоёр хоёулаа мэднэ. 1982 онд Чурбановыг төлөөлөгч ахлуулан Йеменд явуулахад сөхөө сэхээгүй ууж явсан учир эцсийн бүлэгт тэр улсын ерөнхийлөгч нь ч хүлээж аваагүй гэж байгаа...

Чурбанов бэлэг сэлт авна, заримдаа өөрт нь юу өгч байгааг ч тэр болгон аанзаарахгүй. Түүнтэй хамт Азербайжанд томилолтоор очсон нэг хүн, тэр аялалыг тэгэхэд ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Гейдар Алиев үргэлжилсэн баяр болгосон тухай надад ярьж байсан. Туж уулга идлэг. Тэгээд буцахад онгоц нь элдэв дурсгалын зүйл, бэлэг сэлтээр дүүрсэн байжээ. Чурбановт чухам ямар өргөл барьц өгснийг өөрөө ч мэдэхгүй байжээ. Гэхдээ ер нь бэлэг сэлтээс татгалздаггүй, учир мэдэх хүмүүсийн үгээр бол, нэгдүгээр орлогч сайд үнэн хэрэгтээ гурван зүйл л сонирхоно: ангийн сайн буу, лонхтой идээ, хүүхэн.

Брежнев хүргэнээ алба дэвшүүлэх тухайд, Юрий Михайловичийн хувьд орлогч сайдын сэнтий зөвхөн нэгэн гишгүүр төдийг ТХ-нд ч, яаманд ч хэн бүхэн мэдэхээр санаа тавьж байв. Түүний хувьд эхлээд нэгдүгээр орлогч сайдын суудлыг эзлэх ёстой. Гэтэл Виктор Папутин саад болоод байж. Мань хүн амиа хорлосноор суудал суларчээ.

Чурбанов “Би бүх юмыг яг байснаар нь ярина” гэдэг номондоо өмнөх хүнийхээ тухай маш тоомжиргүй бичжээ:
«Папутин дотоод хэргийн яаманд тохиолдлын хүн байсан. Подольск хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар олон жил ажилласан, дараа нь Москва мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга байсан, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн депутатаар сонгогдсон.

Папутинг нэгдүгээр орлогч сайдаар томилсон нь өөрийнх нь хувьд, өөрөөр хэлбэл Щёлоковын хувьд ёстой санаандгүй юм болсон гэж сайд надад нэг удаа ярьж байсан. Би ч бас энэ томилолтын талаар сав санаандгүй мэдсэн.

Галя бид хоёр Леонид Ильичтэй Крымд амарч байтал зуслангийнх нь ажлын өрөөний ВЧ утас гэнэт дуугарсан. ТХ-ны намын зохион байгуулалтын ажил, боловсон хүчний асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Иван Васильевич Капитонов ярьсан. Ганц нэг үгнээс нь ямар нэг шинэ хүний тухай ярьж байна гэдгийг би ойлгосон. Леонид Ильич,

–Энэ асуудлыг бүх хүнтэй тохирсон уу гэж асуусныг санаж байна.
Бодвоос, Капитонов:
–Тэгсэн гэж хариулсан биз.
–За яахав, тохирсон юм бол томил гэж Леонид Ильич хэлсэн.

Ингэж, Леонид Ильичийг Москвагаас тэртээ хол байхад нь түүний оролцоогүйгээр Папутинг томилсон. Энэ нь хэнд ашигтай байсан, ямар “хөшүүрэг” ажилласныг би мэдэхгүй. Щёлоковт энэ асуудлыг Леонид Ильичтэй тохирсон, Леонид Ильичид Щёлоковтой тохирсон гэж хэлсэн нь гарцаагүй; энэ аппаратын тоглоомны ард үнэн хэрэгтээ чухам хэн байсныг би хэлж мэдэхгүй. Ямар ч байсан Андропов биш. Энэ бол надад тодорхой байгаа юм.

Энэ томилолт боловсон хүчний том алдаа болсон нь, Папутин ДХЯ-нд ёстой нөгөө “гай газар дороос” гэгч шиг юм болж орсон нь тун удалгүй тодорхой болсон, уул нь түүнд хоёрдугаар зэргийн ажил (материал, техникийн хангамжийн асуудал) даалгасан ч гэсэн бүтэл муутайхан ажиллаж байсан.

1979 оны өвөл эмгэнэлт явдал болсон. Виктор Семёнович Папутин гэнэт амиа хорлосон. Яамны жижүүр утасдаж түүнийг гэртээ амиа хорлосон тухай хэлэхэд би гэртээ байснаа санаж байна. Тийшээ сайд очсон, мөн ЗСБНХУ-ын прокурорын газрын ажилтан нар очиж, шууд урьдчилсан мөрдлөг хийсэн.

Ажлынхаа өрөөнд үхсэнийг тогтоосон, яагаад ч юм бэ, өвлийн гадуур хувцастай, гэхдээ малгайгүй байсан юм билээ. Толгойгоо нэвт буудсан, хамгийн гол нь их согтуу байсныг нь тогтоосон. Афганистан, байн байн уудаг, элэгнийх нь даамжирч байсан өвчин энэ тэр амиа хорлосных нь шалтгаан болсон гэж бодож байна; магадгүй аж амьдралын ямар нэг тааруухан явдал ч бас байсан байж магадгүй...

Папутинг Новодевичье оршуулгын газарт, цэргийн бүх хүндэтгэлийг үзүүлж нутаглуулсан, харин цуглаан дээр, минийхээр бол, ганцхан Щёлоков л үг хэлсэн, мужийн намын хорооноос ерөөсөө хүн ирээгүй.

Бүгдээрээ эмгэнэлийн бичгээр “баримжаа” авсан гэж бодож байна. Тэр бичиг л дохио болно. Папутинг оршуулсан хүмүүс түүний сайн уудаг, Афганистанаас барагтайхан байдалтай авчирсан, эмнэлэгт бараг шар өвчний сэжигтэй удаан хэвтсэн энэ тэрийг сайн мэднэ. Тэр үед архинд нь хор юмуу ямар нэг хүчтэй мансууруулах бодис хийж байсан, яагаад гэвэл Афганистаны удирдлага Зөвлөлтийн ар хударгаар америкчуудтай улам бүр ойртож байсан гэх маягийн элдвийн цуу яриа гарсан...»

Нэг орой Брежнев хүргэнээ ажлынхаа өрөөнд дууджээ. Ширээнийхээ ард пиджакгүй, цамцтай сууж байсан Леонид Ильич,

–Ингэхэд ер нь Папутин яаж өнгөрсөн юм бэ? гэж асуув.
Юу болсныг Чурбанов ярьж өгөв.
Брежнев,
–Их уудаг байсан уу? гэж асуув.
–Аппаратын ажилтнууд энэ тухай сайн мэддэг байсан.
–Кабулд бас ууж байсан хэрэг үү?
Брежнев тэр дороо захиргааны байгууллагын хэлтсийн эрхлэгч Савинкинтай утсаар ярьжээ.
–Николай Иванович, Папутин юунаас болж өнгөрөөв?
–Зүрхний шигдээс, Леонид Ильич.
Чурбановын үгээр бол, Леонид Ильич тэгж хэлэхийг сонсмогц Савинкиныг зад загнажээ. Папутинг ДХЯ-нд оруулах саналыг хэн ч гаргасан бай, уг томилолтын хариуцлагыг хүчний байгууллагыг хариуцдаг тус хэлтсийн удирдлага хүлээдэг учир Савинкин үнэнийг хэлж зүрхлээгүй гэж Чурбанов үзсэн ажээ.

Брежнев:
–Захиргааны байгууллагын хэлтэс энэ албан тушаалд хэнийг санал болгож байгаа вэ? гэж асуув.
Савинкин:
–Бид тийш нь мужийн намын хорооны нарийн бичгийн дарга нараас нэгийг сонгож байгаа гэж илтгэв.
Леонид Ильич мушилзав:
–Николай Иванович, та нар чинь ДХЯ-нд мужийн намын хорооны нарийн бичгийн дарга нарыг олдуулж байгаа юм биш үү?
–Леонид Ильич, та хараарай, бид сайн хүн сонгоно.
–За-за, бодно биз гэснээ Брежнев гэнэт, –Манайд чинь улс төрийн газрын дарга Чурбанов бий, хэр зэрэг ажиллаж байгаа билээ? гэж асуув.
–Леонид Ильич, тэр чинь газрын дарга байхаа аль хэдийнэ больсон, боловсон хүчний асуудал хариуцсан орлогч сайд шүү дээ.
–Өө золиг, толгойноос хийсчихсэн байна. Тэгээд яаж ажиллаж байна даа?
–Юу шүү, Леонид Ильич, сайн ажиллаж байгаа, хүмүүс нүүр буруулахгүй байгаа.
Тэгтэл Брежнев гэнэтхэн,
–Николай Иванович, ингэхэд байна шүү, захиргааны байгууллагын хэлтэс Чурбановыг нэгдүгээр орлогчоор томилох санал гаргавал би татгалзахгүй байх шүү гэж хэлжээ.
Хэсэг зуур чимээгүй болсныг бодоход, Савинкин ердөө сандарч гүйцсэн байх гэж Чурбанов дурсчээ. Брежневийн өрөөнд Чурбанов хамаг яриаг сонсоод сууж байгааг хэлтсийн эрхлэгч яаж мэдэх билээ.

Савинкин,
–Леонид Ильич, тэр чинь дэндүү залуухан... Дадлага... туршлага хараахан дутмаг гэх маягийн юм хэлж татгалзах гэж үзсэн ч юм шиг.
Брежнев,
–Ер нь, та нар бодно биз, би бол татгалзахгүй хэмээн яриаг дуусгажээ.

Хэд хоногийн дараа Щёлоков сайд Чурбановт шинэ томилолттой нь холбогдуулан баяр хүргэв. Юрий Михайлович Папутиныг амиа хорлосноос нь хойш сарын дараа суудлыг нь эзлэв.

1979 оны шинэ жилийн өдрүүдэд Виктор Семёновичид юу гэгч тохиосон юм бол? Афганистанд юу болсныг тэрээр нэгэнт мэдсэн, гэхдээ Кабулд болсон эргэлтээс болж энэ улс түүний сэтгэлд аминдаа хүрэхээр орон зай эзэлж байсан нь юу л бол.

Папутины дотны анд нөхөд түүнийг авилгатай холбоотой гэсэн санааг эрс үгүйсгэдэг. Албан үүргийнхээ дагуу харьяа яамдад нь болж байгаа бүх юмыг мэдэж байх ёстой ТХ-ын захиргааны байгууллагын хэлтсийн тэр үеийн нэг дарга Папутины нууцын шүүгээнд үнэт эдлэл байгаагүй, түүний эсрэг ямар нэг хэрэг нээж байгаагүй гэж надад их итгэлтэй хэлсэн юм.

Виктор Семёновичийн анд нөхөд түүнийг сүүлийн хэдэн долоо хоног их уусан, өөрсөд дээр нь халамцуу ирж, нэмж уух юм гуйна, гарт тааралдсан юуг ч хамаагүй ууна, яагаад ч юм бэ огт мөнгөгүй явах болсон гэж ярьцгааж байв.

Папутины гэр бүлийн уур амьсгал гойдгүй байжээ. Авгай нь нөхрөө ууж согтуурлаа гэж загнана, энэ нь буруу биш хэдий ч нөхөр нь юу болоод байгааг нэг их сайн ойлгодоггүй байсан бололтой. Виктор Семёнович бараг гутралт хямралд орсон. Албан тушаалаасаа салж мэдэхээ мэдрэн их шаналаж байжээ. Тайтгарах гэж хатуу идээ хүртэнэ, гэвч тийм идээ иймэрхүү тохиолдолд нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог билээ. Бодвоос, Виктор Семёнович даацтай эмчлүүлэх шаардлагатай байсан боловч тэр үед тийм санаа хэний ч толгойд орсонгүй.

Папутин яамны зочин, гадаадын дээгүүр зиндааны төлөөлөгчтэй хэдэн өдөр ажиллажээ. Тийм айлчлал бөөн архидалт болдог. Түүний ойр дотны хүмүүсийн яриагаар бол эмгэнэлт явдал дараах байдалтай болжээ.

Бямба гарагт гэртээ ирээд авгайтайгаа муудалцжээ. Мань хүн:
–Зуун тавин грамм коньяк хийгээд аль гэж эхнэрээсээ шаарджээ.

Гал тогоондоо байсан эхнэр нь:
–Муу архичин! Чамд юу ч өгөхгүй! Зуслан явах хэрэгтэй байна гэж зүхэж эхэлжээ.
–Зуун тавийг хийгээд аль, тэгвэл маргааш зуслан явцгаана.

Авгай нь юм өгсөнгүй.
Папутин өрөө рүүгээ орж, нэг шилэн аяга юм дугтраад, Афганистаны ерөнхийлөгч Хафизулла Амины бэлэглэсэн гар буугаар толгой руугаа бууджээ.

Энэ үед Амин өөрөө хэдийнэ алагдсан байсан. Зөвлөлтийн тусгай бүлгийн ажилтнууд ажилбарыг амжилттай хэрэгжүүлсний хамгийн найдвартай баталгаа болгон, Амины толгойг тасдан авч, хуванцар хайрцагт хийгээд Москвад хүргүүлжээ...

Амины бэлэглэсэн өөр нэг гар буугаар Чурбановын найз, ТХ-ны захиргааны байгууллагын хэлтсийн сэргийлэхийн тасгийн дарга Альберт Иванов бас өөрийгөө хороожээ. Чурбанов хэлтсийн эрхлэгч Савинкинтай хэл амаа сайн ололцдоггүй учир бүх ажил явдлаа найз Ивановоороо шийдүүлдэг байж.

Хамт ажиллаж байсан нөхдийнх нь надад ярьснаар бол тэр нөхөр ч бас эхнэртэйгээ муудалцсаны дараа өөртөө сум зоожээ. Эхнэртэйгээ хэрэлдсэнээс болоод Иванов зуслан руугаа яваад өгчээ. Авгай нь хотынхоо байранд үлдэж. Сайдах муудахаа утсаар баахан ярьжээ. Нөхөр нь авгайгаа ирэхийг шаардсан. Хүүхэн нь зөрөөд байж. Энэ явдал хагас сайнд болжээ. Ням гарагт хүүхэн нөхөр рүүгээ хичнээн утасдаад авахгүй байсан учир, сэтгэл түгшин, яамны гараашаас машин дуудаад, давхиж хүртэл нөхөр нь үхсэн хэвтэж байжээ. Аанай л Амины бэлэглэсэн гар буугаар толгойгоо зад буудсан аж.

Альберт Иванов бас ууна, нэмэрт нь өөрийгөө хорт хавдартай гэж хардана. Задлан хийхэд хавдаргүй болох нь илэрчээ. Хичнээн ч насалсан болох байж. Альберт Ивановыг амиа хорлосны дараа албаных нь шүүгээнээс түүний найз Чурбановыг Щёлоковын оронд ЗСБНХУ-ын дотоод хэргийн сайдаар томилох тухай ТХ-ны шийдвэрийн төсөл олджээ. Хүргэн юу юугүй яамыг толгойлох гэж байгаа гэсэн яриа ДХЯ-нд аль хэдийнээс гарчээ. Яаманд нэгэн зүйлийн хоёр засаг тогтож, хамгийн овжин генералууд нь хэдийнэ Чурбановыг баримжаагаа болгосон байв. Гэвч тэр нь бүтсэнгүй. Хадам эцгийг өөд болсны дараа Юрий Михайловичийн од түргэн бөхөж эхэлжээ.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив