Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Халхын голын байлдааныг АНУ-д судалсан нь
2013 оны 4 сарын 11 [Уншсан тоо: 148785]
Алс дорнод дахь олон улсын цэргийн шүүхийн хуралдаан 1946-1948 онд Токиод болох үеэр Квантуны Арми Халхын голд түрэмгий байлдааныг эхлүүлсэн эсэхийг нотлох шүүн хэлэлцүүлэг явагдаж, зөвлөлт, монголын оролцогчид гэрчийн мэдүүлэг өгч, японы түрэмгийллийг нотлох баримтуудыг зөвлөлтийн яллагч нар гарган тавьж, японы оролцогчид, өмгөөлөгч нар эдгээрийг няцаасан мэдүүлэг, үндэслэлүүдийг сөргүүлэн тавьжээ. Ингэснээр Халхын голын байлдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өрнөдийн орнууд анхлан авчээ. Солонгосын дайн 1950 онд эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын цэргийн командлал ЗХУ-аас БНАСАУ-д хэрхэн туслахыг судлах хүрээнд Халхын голын байлдааны үед БНМАУ-д тусалсан туршлагыг судлах чиг үүргийг цэргийн түүхчиддээ өгч байв. АНУ-ын цэргийн түүхийн байгууллагаас дэлхийн хоёрдугаар дайн түүний дотор Халхын голын байлдааны холбогдолтой японы баримт материалыг судлах, англи хэлнээ орчуулах ажлуудыг 1950-иад онд хийж гүйцэтгэсэн байна. Энэ бүхэн нь АНУ-ын түүхчдийн дунд Халхын голын байлдааныг сонирхох явдлыг эхлүүлсэн байна. АНУ-ын “Нью Йорк Таймс” сонинд 1939 онд Халхын голын байлдааны эхлэл, явц, төгсгөл, БНМАУ, Манжго-гийн хоорондын хил тогтоох комиссын хуралдаан, дүнгийн талаар Японы Домейн, Зөвлөлтийн ТАСС, Ассошейтэд Пресс, Квантуны Армийн хэвлэлийн мэдээ зэргээс иш татан байнга мэдээлж байжээ. Тус сонин 1939 оны 7 дугаар сарын 10-ны дугаартаа Халхын голын байлдааныг “зарлаагүй дайн”, 7 дугаар сарын 20-ны редакцийн тэргүүн өгүүлэлдээ “хачин  дайн” гэж тус тус  нэрэлж байжээ.

Одоогоор мэдэгдэж байгаагаар Халхын голын байлдааны тухай өгүүллэгийг америкийн судлаач А.Куукс, К.Тинч нар 1951 онд хэвлүүлж байв. Зөвлөлтийн судлаач С.Н.Шишкины Халхын голын байлдааны тухай ном 1954 онд хэвлэгдсэн нь АНУ, Японы судлаачдын анхаарлыг ихэд татсан байна. Энэхүү сэдвээр эрдмийн цолыг америкийн иргэн К.Гильберт 1959 онд Жоржтауны Их Сургуульд хамгаалж байв. Халхын голын байлдааны сэдвээр АНУ-д 1960-аад онд зарим судлаачид эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлүүд гаргажээ. Улмаар 1970-аад онд уг сэдвээр судалгааны өгүүллэгүүд нилээд хэвлэгдэж байв. Номонханы хэрэг явдлыг судалсан ном бүтээлүүд 1980-аад онд АНУ-д нилээд гарсаны дотор хамгийн жинтэй нь А.Кууксын “Номонхан: Япон Зөвлөлтийн эсрэг 1939” хэмээх хоёр боть зохиол юм. Үүний зэрэгцээ мөн үед АНУ-ын батлан хамгаалах бодлого судлалын байгууллагууд, сургуулиудад Халхын голын байлдааны туршлагыг хуучин ЗХУ-ын давших, хориглох номлолтой холбогдуулан судлах, оюутнуудын дунд уг сэдвээр сэдэв боловсруулах, цэргийн урлагийн сэтгүүлд нийтлэх явдал өргөн байв. ЗХУ задарсанаар архивын материалууд нээлттэй болж, өмнөх дүгнэлт, баримтуудыг эргэн харах хэрэгтэй болсноор зөвлөлт, оросын түүхийн асуудалд өрнөдийн түүхчид хүлээцтэй хандах болсон байна. Үүний улмаас өрнөдөд Халхын голын сэдвээр бүтээл гаргах явдал нэг хэсэг завсарлажээ. Улмаар 1990-ээд оны сүүлчээс АНУ-д Халхын голын сэдвээр бүтээлүүд дахин гарах болов.

Куукс Халхын голын байлдааны түүхийг японы баримт материал, дайнд оролцогчидтой хийсэн ярилцлагад тулгуурлан Квантуны армиас ЗХУ-ын талаар баримтлаж байсан бодлогын үүднээс бичжээ. Иймд түүний бүтээл нь японы үзэл бодлын үүднээс гаргалгаа хийсэн үндсэн талтай боловч эдүгээ хүртэл өрнөдөд төдийгүй бусад улсад ч үүнтэй тэнцэх жинтэй бүтээл гараагүй байна. Японы нисэх онгоцууд Сүмбэрийн заставыг бөмбөгдсөн явдал Халхын голын байлдааныг шатлан өргөжүүлэх шалтгаан болсон гэдэг дүгнэлтийг Куукс хийжээ. Тэрээр Квантуны арми цэргээ хойш татсан байтал зөвлөлтийн цэрэг яагаад 1939 оны 6 дугаар сарын дундаас Манжуурын нутгийг довтлов гэдэг асуудлыг дэвшүүлжээ. А.Кууксийг нас барсантай холбогдуулан “НьюЙорк Таймс” сонинд (1999.11.23) бичихдээ “Куукс нь арав гаруй номын зохиогч буюу хамтран зохиогч бөгөөд гэхдээ түүний түүхчийн нэр хүнд нь “Номонхан: Япон Зөвлөлтийн эсрэг 1939” зохиолд оршдог юм” гэж тодорхойлоод энэхүү байлдаанд япон, зөвлөлтийн талаас ойролцоогоор 70 мянган хүн алагдаж, шархадсан юм. Куукс Японы ялагдал нь түүнийг ЗХУ-тай байлдах төлөвлөгөөнөөсөө татгалзаж улмаар Перл Харборийг онилоход хүргэсэн гэж үзэж байв” гэжээ. Мөн “энэ нь дэлхийн хоёрдугаар дайнд фашист гүрнүүдийн баримтлах бодлогыг тодорхойлоход нөлөөлж, профессор Кууксын гавьяа нь тэрээр дэлхийн хоёрдугаар дайны босгон дээрх энэхүү шийдвэрлэх тулалдаан нь ач холбогдлоороо Сталингардтай дүйцэхүйц гэдгийг олж харсанд оршино” гэж үнэлжээ. Японы бодлогыг судлах хүрээлэнгийн захирал  Ч.Жонсон Кууксын бүтээлтэй холбогдуулан “Номонхан нь дэлхийн хоёрдугаар дайны хамгийн чухал тулалдааны нэг байсан бөгөөд учир нь уг тулалдаан японы цусыг урсгаж ЗХУ-аас эмээхэд хүргэсэн бол харин АНУ-ыг хөнгөн зууш гэж үзэхэд хүргэжээ” гэж хэлсэн байна. Куукс энэхүү номоо 35 жилийн хөдөлмөр, 400 гаруй хүнтэй хийсэн ярилцлагын дүн гэж хэлж байжээ. Байлдаанд оролцсон Японы хэсэг дайчид Кууксийн номыг үнэлж хувийг нь тулалдаанд алагдсан япончуудын дурсгалд зориулан Токиод сүмд мөнхөлсөн байна.

Японы милитаристуудаас Ази, Номхон далайн сав газарт дэлхийн хоёрдугаар дайныг эхлэн өдөөж, шатлан өргөжүүлсэнийг нарийвчлан харуулах зорилгоор АНУ-ын засгийн газраас Японы албан ёсны болон албан бус эх сурвалж, баримт материалыг орчуулах, судлах ажлыг дайны дараагаар явуулжээ. Японы засгийн газар 1945 оны 10 дугаар сарын 12-нд дэлхийн хоёрдугаар дайны түүхийг бичихэд шаардлагатай мэдээллийг цулуулах үүрэг бүхий байгууллагыг байгуулсан байна. Японы өмнөх засгийн газруудын үлдсэн баримт бичгүүд, дайнд оролцогчдын тэмдэглэл, хувийн архивыг цуглуулах, дайнд олзлогдсон японы цэргийн эрхтнүүдийг түүхийн зорилгоор байцаах үлэмжхэн ажил хийгджээ. Эдгээр материалыг ашиглан АНУ-ын хяналтын дор 200 гаруй судалгаа хийгдсэн нь АНУ-ын цэргийн түүхийн төвд хадгалагдаж байгаа юм. Энэ хүрээнд японы судлаачдын 184 төрлийн нэгэн сэдэвт судалгаа, харин  Манжуурын талаарх Японы 13 судалгаа нь зөвхөн түүхийн зорилгоор бус Солонгосын дайн явагдаж байсан тул “коммунист хятад, БНМАУ, зөвлөлтийн алс дорнодын талаар тагнуулын суурь судалгаа” болгох зорилгоор хийгдэж байжээ. Эдгээрийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор үлэмж сонирхолтой хэсэг болох 47 судалгааг эмхтгэн “Ази, Номхон далай дахь Дайн 1937-1949” хэмээх 15 ботийг АНУ-ын Өмнөд Иллинойс Их Сургуулийн хэсэг эрдэмтэд АНУ-ын цэргийн түүхийн төв, АНУ-ын үндэсний архивын цэргийн судалгааны бүлгээс хамтран 1980 онд гаргажээ.

“Манжуурын талаарх Японы судалгаа 1945-1960” гэсэн иж бүрэн судалгаа нь газрын зураг, хавсралтын хамт хийгдсэн бөгөөд энэ нь дээрх эмхтгэлийн  нэгдүгээр ботийг бүрдүүлж буй юм. Энэхүү эмхтгэлийн арван нэгдүгээр боть нь Халхын голын байлдаанд зориулагдсан бөгөөд “японы тал 50 мянган хүнээр хохирсон нь зөвлөлт-монголын хохиролоос даруй тав дахин их байв” хэмээн эмхтгэгч Д.Дейтвайлер оршилдоо онцлон тэмдэглэжээ. Эмхтгэлийн 10, 11 дүгээр ботиуд нь “Япон ба ЗХУ” гэсэн ерөнхий гарчигтай. 10 дугаар боть “ЗХУ-ын эсрэг Японы оперативын төлөвлөлт 1932-1945”, “ЗХУ-ын эсрэг тагнуулын төлөвлөлт 1934-1941”, “1938 оны жижиг дайн ба хилийн асуудлууд” гэсэн үндсэн бүлгүүдтэй. 11 дүгээр боть нь “Жижиг дайн ба хилийн асуудлууд 1939: Номонханы хэрэг явдал” гэсэн ерөнхий гарчигтай. Энэхүү боть Халхын голын байлдаанд зориулагдсан бөгөөд 470 талтай, заримдаа энэхүү ботийг “Манжуурын судалгааны 11 дүгээр боть” гэж нэрлэх нь бий. Энэхүү судалгаанд тусгагдсан зарим нэгэн дүгнэлт, зөвлөлтийн талаарх тоо баримт нь бодит байдлаас зөрөөтэй боловч Япон-Манжго-гийн цэргийн бүрэлдэхүүний талаарх тоо баримт нь сонирхолтой юм. Судалгааг АНУ-ын албаны бүлгээс Халхын голын байлдаанд оролцсон японы офицеруудаар бичүүлсэн, энэ ч үүднээс японы байр суурийг хамгаалах үүднээс боловсрогдсон боловч Халхын голын байлдааныг судлах чухал хэрэглэгдэхүүн болно. Халхын голын байлдааны сэдвийг сонирхон судлах хандлага АНУ-ын түүхчдийн дунд идэвхтэй байгаа нь Японы стратеги умардаас өмнөд үрүү чиглэсэн өөрчлөлтийн шалтгааныг Халхын голын байлдаанд Квантуны Арми ялагдсанаас хайдаг, Япон Перл Харборыг довтолсоны үндэс нь Японы Номонханд ялагдсантай холбоотой гэсэн дүгнэлт гаргалгаа хийдэгтэй холбоотой. Энэхүү дүгнэлтийг Куукс дэвшүүлж, Голдмэн нарийвчлан судалжээ. Гэхдээ иймэрхүү байр суурийг АНУ-ын “Нью Йорк Таймс” сонинд 1939 оны намар илэрхийлэн бичиж байжээ. АНУ-ын цэргийн түүхч Дрий Квантуны Армийн 7 яд-ийн нэгэн батальоны Халхын голын байлдаанд оролцсон байлдааны тэмдэглэлийг ашиглан тус батальоны байлдааны ажиллагааг харуулсан тактикийн судалгаа хийсэн нь мөн л японы үзэл бодлын үүднээс хийгдсэн боловч байлдааны ажиллагаа доод түвшинд хэрхэн явагдсаныг харуулсанаараа сонирхолтой болжээ. Түүхч Голдмэн Халхын голын байлдааны түүхийн сэдвээр 1970 онд эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд тэрээр 2009 онд Монголд ирж, байлдааны ажиллагаа явагдсан газар оронтой танилцсан байна. Түүний бичсэн “Номонхан 1939” номыг 2012 онд АНУ-ын тэнгисийн цэргийн хүрээлэнгээс ивээн тэтгэн хэвлэн гаргажээ. Тус бүтээл нь Халхын голын байлдааны үр дагавар олон улсын харилцаанд хэрхэн нөлөөлсөнийг авч үзсэн өрнөдөд гарсан томоохон бүтээл юм. АНУ-ын иргэн, түүх сонирхогч Д.Варнер “Халхын эрэг хүртэл” гэсэн нэртэй хэмжээгээр харьцангуй томоохон бүтээлийг 2008 онд гаргажээ. Гэвч энэ нь ашигласан материалын жагсаалтгүй, судалгаа гэхээс илүүтэй өөрийн үзэл бодлыг тулгасан нийтлэл болсон тул бусдын анхаарал татсангүй.

Монголч эрдэмтэн Мосес Халхын голын байлдааныг нармай монголын хөдөлгөөн, монголчууд нэгдэх асуудалтай холбон судалж, уг дайнд Япон ялагдсанаар монголчуудын нэгдэх сүүлчийн боломж хаагдан, бодол нь унтарсан гэдэг сонирхолтой дүгнэлт 1966 онд хийж байжээ. Судлаач Ж.Хаслам Зөвлөлт-Японы 1933-1941 оны хоорондын харилцааг шинжилсэн өөрийн бүтээлдээ зарим эх сурвалжийг үндэслэн Артузов даргатай НКВД-ийн сөрөх тагнуулын хэлтэс Японы цэргийн атташе Комацубара нь архи, эмст дуртай, санхүүгийн хувьд хүндрэлтэйг анзааран 1920-иод оны сүүлээр нэгэн удаа согтсон үед нь түүний сейфний түлхүүрийг хулгайлан авчээ. Энэ тухайгаа Токиод мэдүүлэхгүйн тулд тэрээр зөвлөлтийн “шахалтад” автжээ гэсэн асуудлыг дэвшүүлэн тавьжээ.

Индианагийн их сургуулийн Түүхийн танхимын профессор Х.Куромияа 2011 онд нийтлүүлсэн “Номонханы тайлагдаагүй нууц” өгүүлэлдээ Хасламын таамаглалыг гүнзгийрүүлэн авч үзжээ. Тэрээр Квантуны Армийн 23 яд-ийн командлагч Комацубара нь 1927-1930 онд Москвад суугаа Японы цэргийн атташе байхдаа зөвлөлтийн агентаар элсэгдсэн, чухам үүнд Номонханд ялагдсаны шалтгаан оршино гэдэг таамаглалыг дэвшүүлж, зарим нөхцөл байдал, баримтаар сонирхолтойгоор үндэслэсэн байна. Ийм сэжиг, таамаглал 1960-аад оны эхнээс байсан бөгөөд Команцубара нь зөвлөлтийн талд мэдээлэл дамжуулж байсан байж болзошгүй гэж Куромияа үзжээ. Куромияа хэрэв энэхүү таамаглал нь оросын архивт буй материалаар нотлогдвол Номонханы түүхийг эргэн харж шинээр бичихэд хүрэх бөгөөд Япон сул дорой гэгдэх Хятадыг эзэлж чадахгүй гэдгийг  Сталин мэдэж байсан, үүнээс үүдэн Япон ЗХУ-ын эсрэг дайн явуулах чадваргүй гэдгийг ч мэдэж байсан, иймд Номонханы хэрэг явдлыг өдөөгч нь ЗХУ байсан байх магадлалтай гэж үзжээ.

АНУ-аас гадна Британид Халхын голын байлдааны сэдвээр нилээд бүтээл, өгүүллэг гарсаны дотор томоохон нь Ж.Колвиний бичсэн “Номонхан” хэмээх ном 1999 онд хэвлэгджээ. Колвин БНМАУ-д Британийн элчин сайдаар 1971-1974 онд, Британийн гадаад тагнуулын төлөөлөгчөөр Вашингтонд 1977-1980 онд тус тус сууж байв. Тэрээр төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа цэргийн түүх сонирхон хэд хэдэн ном бичсэний дотор дээрх бүтээлийг туурвижээ. Канадын түүхийн сэтгүүл 1987 оны 8 дугаар сарын дугаартаа Ш.Винхийн бичсэн Кууксийн номын талаар дэлгэрэнгүй тайлбар, Британийн “Нью Стейтмэн” сэтгүүлийн 1999 оны дугаарт Н.Феарн Ж.Колвиний “Номонхан” номын талаар бичсэн тойм нийтлэгдсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татаж байжээ. Британид хэвлэгддэг “Цэргийн түүх” сар тутмын сэтгүүлийн 2012 оны 10 дугаар сарын дугаарт А.Мкдоналдийн бичсэн “Хилийн хяналт:Номонханы тулалдаан 1939 оны 7-8 дугаар сар” өгүүллэг нийтлэгджээ. Зохиогч япончууд оросын танкийг хүйтэн зэвсэг, гар бөмбөг, бушидо буюу “оюун санааны давуу байдлаар” угтсан бөгөөд Сталин офицерийн бүрэлдэхүүндээ цэвэрлэгээ хийсний дараа Улаан Арми нь удирдлагагүй болсон хэмээн японы цэргүүдэд ойлгуулсан байв. Японы тагнуул зөвлөлтийн талыг богино хугацаанд механикжсан үлэмжхэн хүчийг хуралдуулах чадавхитай гэдгийг дутуу үнэлсэн юм. Хэрвээ япончууд Номонханы хэрэг явдлыг ер үүсгээгүй эсвэл ялсан бол үр дагавар нь ямар байх байсан бол магадгүй Япон Гитлерийн талд дайнд оролцох байсан болов уу, магадгүй тэд Оросыг дэлхийн тавцангаас зайлуулсан байх байсан болов уу гэвч Гитлер Польшийг эзлэхээс 48 цагийн өмнө Япон эхлээгүй байсан дэлхийн хоёрдугаар дайнд нэгэнт ялагдсан байв гэж бичжээ. Британийн “Эйр Ентузиаст” сэтгүүл Е.Секигавагийн бичсэн “Халхын гол дахь агаарын зарлаагүй дайн” цуврал өгүүллэгийг 1973 оны гурван дугаартаа дараалан  нийтэлжээ. Секигава Зөвлөлт, Япон хоёр агаарын байлдаанд тус тусын хохиролыг хэрхэн өсгөж байсан болон агаарын байлдаанд японы хохиролыг баримтаар тооцон гаргажээ. Энэхүү тоо баримтыг хэдийгээр нягтлах шаардлагатай гэх боловч оросын судлаачид хүртэл эдүгээ ашиглах болжээ. Секигава Халхын голын агаарын байлдаанд Японы нисгэгчид “үндсэндээ ялсан” гэдэг дүгнэлт хийжээ. “Эйр Ентузиаст” сэтгүүл 1996-1997 оны дугаартаа А.Валгийн бичсэн “Талын дээрх Жигүүр: 1930-1945 онд Монголд явагдсан агаарын байлдаан” хэмээх мөн цуврал гурван өгүүллэг нийтлүүлжээ. Генри Сакайда “Мандах нарны Ас-ууд” номныхоо “Халхин Гол” гэсэн хэсэгт Номонханы агаарын тулалдааны талаар бичжээ. Тэрээр зөвлөлтийн тал японы 650 онгоцыг устгасан гэдэг боловч баримтаар нотлогдсон хохирол нь 162, японы тал зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэдэг боловч байлдааны хүлээн зөвшөөрсөн хохирол нь 207 онгоц тус тус байсан. Японы нисгэгч Хиромичи Шинохара агаарт 58 ялалт, зөвлөлтийн нисгэгч С.Грицевец 40 илүү ялалт тус тус байгуулж ас-ууд болсон гэжээ. Японы нисгэгч Б.Ёошияама 20 ялалт,  И.Сакай 15 ялалт, Ж.Ивахаши 20 ялалт, М.Масузава 12 ялалт, Ш.Сайто 25 ялалт, К.Шимада 27 ялалт тус тус Номонханд байгуулсан гэнэ. Чингэвэл эдгээр долоон нисгэгчдэд зөвлөлтийн нийт хохиролын 77 хувь ногдож байгаа юм. Энэ нь японы ас-уудын дээрх ялалтын тоо эргэлзээтэй, хэтрүүлсэн байх үндэслэлтэйг харуулна. Оросын судлаач М.Масловын бичиж Британид хэвлүүлсэн “Поликарпов И-15, И-16 болон И-153-ын ас-ууд” номны Халхын Гол бүлэгт Улаан Армийн  цэргийн нисэх хүчин Халхын голд дайсны 589 онгоцыг устгасан гэж үзсэн бөгөөд харин өөрсдөө 207 онгоц (үүнээс 160 нь сөнөөгч онгоц) 211 хүнээ алдсан гэж бичжээ. Британийн “Оспрей Паблишинг” хэмээх цэргийн түүхийн сэдвээр дагнасан хэвлэлийн газраас 2012 онд дээрх Г.Сакайдагийн эмхтгэсэн  “Номонхан 1939”хэмээх зурагт хялбаршуулсан түүхийн товхимолыг хэвлэн гаргасан бөгөөд эрэлт хэрэгцээтэй тул 2013 онд дахин хэвлэжээ. Г.Сакайда нь Халхын голын байлдааны газар орноор гэрэл зурагчны хамт аялсан юм. Секигавагийн судалгаанаас хойш Халхын голын агаарын байлдааны талаар дагнасан судалгаа, бүтээлүүд өрнөд, зүүн Европт цөөнгүй гарах болсон байна. Эдгээр бүтээлд Халхын голын байлдаанд Японы нисэх хүчин тоогоор цөөн байсан боловч нисгэгчдийн ур чадвар, нисэх онгоцны тактик техникийн өгөгдөхүүний давуу байдлын ачаар байлдааны туршид эсвэл бүхэлдээ биш юм гэхэд 1939 оны 8 дугаар сарын эхэн хүртэл агаарт тус тус ноёлж байсан, зөвлөлтийн нисэх онгоцны хохирол японыхоос их байжээ гэдэг дүгнэлтүүд хийжээ. Халхын голд явагдсан агаарын байлдаан нь оролцсон техник, хэрэглэсэн тактик болон бусад үзүүлэлтээрээ судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа сэдэв юм. АНУ, өрнөдийн судлаачдын бүтээлд Токиогийн олон улсын цэргийн шүүхийн хуралдааны материал, японы эх сурвалжууд, Жуковын дурдатгал, Шишкин, Кууксийн ном, зөвлөлт, монголын зарим хэвлэлийг ашиглаж иржээ. Орос, монголын архивын материал болон монголын бүтээлийг ашиглаж чадахгүй байгаа нь өрнөдийн бүтээлийн үндсэн өрөөсгөл тал юм. АНУ-ын судлаачдын бүтээлд Квантуны Арми Халхын голын байлдааныг эхэлж Монголын нутагт дэвсгэрт довтолсон, Японы засгийн газар Квантуны Армийн энэхүү түрэмгийллийг зогсоох талаар нөлөөлж чадаагүй, зөнд нь орхисон нь буруу байсан, энэ нь цэргийн байгууллагад тавих иргэний хяналт бүрэн алдагдсантай холбоотой, Улаан Арми Японы цэрэгт Халхын голд мартагдахааргүй сургамж өгсөн, Халхын голын байлдаан нь Жуковыг “төрүүлсэн”, Японы тал Улаан Армийн чадавхийг дутуу үнэлэхийн зэрэгцээ Японы номлол, зэвсэглэл хоцрогдсон байв гэсэн гаргалгаа нийтлэг байдаг болно.  Чингэхдээ АНУ, өрнөдийн судлаачид өмнө нь “Номонханы хэрэг явдал” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан бол эдүгээ “Халхын голын байлдаан”, “Халхын голын агаарын дайн” эсвэл “Халхын гол-Номонханы хэрэг явдал” хэмээн зэрэг хэрэглэх болжээ.

АНУ болон өрнөдийн судлаачдын Халхын голын талаарх бүтээлийг нэгдүгээрт, түүхийн судалгаа, хоёрдугаарт, танин мэдэхүйн зорилготой хэмээн хувааж болох юм.  Эдгээрт дараах үндсэн асуудлуудыг дэвшүүлсэн байна. Үүнд:

Дэлхийн бодлого, Алс дорнод, Европ дахь олон улсын харилцаанд Халхын голын байлдааны үзүүлсэн нөлөө нуугдмал байна,

Японы цэрэг 5 дугаар сарын сүүлчээр болсон байлдааны талбарыг орхин буцсан байтал Зөвлөлтийн тал 1939 оны 6 дугаар сарын дундуур Халхын голын зүүн эрэгт цэргээ байрлууж, Манжуурын хот тосгодыг агаараас довтолсоны зорилго юу байв,

Халхын голын байлдаанд оролцогч талууд хохиролын тоо хэмжээг өсгөн мэдээлж байсан бөгөөд одоо ч  эргэлзээтэй байна,

Халхын голын агаарын байлдаанд японы нисэх хүчин тоогоор цөөн боловч ур чадвар, техникийн давуу байдлын ачаар Халхын голын байлдааны хугацаанд агаарт үндсэндээ ноёлж, идэвхтэй байсан зэрэг болно.

Энэхүү номонд АНУ-д хэвлэгдсэн 24, Британид гол төлөв  хэвлэгдсэн 10 нийт 34 бүтээлийн жагсаалтыг хавсаргасан болно. Жагсаалтад АНУ-д гарсан судалгааны бүтээлүүд үндсэндээ орсон боловч бүрэн гүйцэд гэж үзэж болохгүй, дээр нь өрнөдийн бусад оронд англи бус хэлээр хэвлэгдсэн бүтээлүүд ороогүй болно.  Эдгээр бүтээлийг судалгааны эргэлтэд оруулах зорилгоор тэдгээрээс сонирхол татах хорин гурван бүтээлийг энэхүү эмхтгэлд оруулав. Гэхдээ эдгээрийг бүрэн биш, чухал гэж үзсэн зарим хэсгүүдийг нь зөвхөн орчуулан буулгасан бөгөөд ингэхдээ хөндлөнгийн тайлбар, дүгнэлт хавчуулахаас аль болох зайлсхийв.

Р.Болд

 


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.
Copyright © 2012, Baabar.mn