Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Аав бид хоёр
2013 оны 3 сарын 5 [Уншсан тоо: 72989]
Хүн болгон алт шиг биш. Гэхдээ хэн ч нэг удаад алт мэт сайхан өгүүлэл бичиж болно. Хоёр юм уу, гурван удаа ч тэгж чадах байх. Харин долоо хоног бүр бичих нь амьдралынх нь амт, хэмнэл болсон хүн түүнийхээ ард тэс өөрөөр оршино гэж үгүй. Тэр тусмаа үйл явдлын тойм биш өөрийн бодол, сэтгэлээ зүгээр л сэгсэрчихдэг хүний хувьд.

Түүнийг би унших дуртай. Түүнийг уншаад эхэлсэн л бол нэг мэдэхэд л дуусчихсан байдаг. Нүд уншиж байвч оюун санаа бол тэртээд Дашинчилэнгийн багачуудтай цэцэрлэгт туучиж, эсвэл энэтээд Орхоны хүүхнүүдтэй л найгаж явна. Хаврын догдлолыг яг л гадаа чинь хавар болж байгаа билүү гэж бодтол, өвлийн жинн хийсэн үзэсгэлэнг ууланд гарч цасанд алхмаар санагдтал авч байна.

Тэр Бетховены тухай бичихдээ хаа байсан 1000 жилийн өмнөх Сүн улсын найрагч эмэгтэй Ли Чин Жаог дурсаж, эш татсан. Та эвэр туурай шиг юм төсөөлөх шахаж байна уу. Үгүй ээ, харин ч бүүдийж зунгаарсан хүний амьдралд тоотойхон төрдөг авьяас билиг, мөнхүү авьяас билигтний туулдаг дүүрч өгдөггүй амьдрал, ганцаардлын тухай мөн л яруугаас яруу нэгэн өгүүлэл бүрэн бүтэн болсон нь энэ юм аа. Түүний мэдрэмж хэр зэрэг вэ гэвэл хариулт нь энэ.

Дарьгангын хамгийн алдартай дарханы хийцийг алмайран харж байгаа хүүхэд шиг л би түүнийг уншдаг.

Уншигч та бүхэн энэ номноос нууж далдлахын, бусдаас илүү байх гэж хичээхийн, хожоо хайхын зовлонт мөрүүдийг олж үзэхгүй. Харин хайрыг, нөхөрлөлийг, гансрал цөхрөл хийгээд баяр бахдал, бахархал омгорхолыг цаасан дээр яаж буулгадагийг бахдан харах болно.

Түүний уншигч байх сайхаан. Энэ номын хуудсыг нээсэн хүн бүхэн сэтгүүлч Б. Ганчимэгийг баясаж, жаргаж уншина.

Д.Түмэн-Өлзий (Артаньян)
2013 оны 02 сар



ОРХОН ДЭЭР УУЛЗЪЯ


Дурдан шаргал харгуйг навчис үсэргэн туучиж явна. Намайг тэнд ер бусын нэгэн учрал хүлээж байгаа ч юм шиг…

Сайхан гэх нэр айраг амтагдаж сонсогддог.  Сайханыг зорих шалтгаан намар болохоор яагаад ч юм аман дотор хар аяндаа л орж ирээд байдаг… хэдэн жилийн өмнө ийнхүү бичиж байсан  нийтлэлийн минь мөрүүд санаанд орж ирэв. 
 
Урд минь  нутгийн зам санаа сэтгэлийг  хөглөн хөглөн хөвөрч байгаа учраас тэр биз ээ.

Сайхан гэх нэр шигээ сайхан тэр суурин яг одоо хөхүүртэй айраг шигээ л шуугиж байгаа даа. Гэрт гадаагүй айраг сэнгэнээд л… тэндэхийнхэн ер нь хоол иддэг ч юм уу, үгүй ч юм уу гэлтэй. Лав архи зарах хэрэггүй газар шиг санагддаг. Улаан мотоциклтэй, улаан царайтай харчуул нь давхилдаад л… УАЗ 469-өөс  авгай хүүхнүүд шаагилдан бууж ирээд л.

Нуураа чи  хөлдөх гээд л байна уу даа
Нугас гэдэг амьтан чинь хөөрхий боллоо шүү дээ… ай л хөөрхий минь дээ хө…
гэх гансарсан дуу айлуудын гэрээс хангинаад л… цаанаасаа л нэг тийм цалгисан газар санагддаг юм.

Намрын дунд сарын шинийн арван тавны шөнө сайханыхан орон гэрээ орхиод эр эмгүй  Орхон голынхоо эрэгт очицгоодог  гэх сонин яриа сонсогддог байлаа. Чухамхүү энэ яриа намайг тийшээ дуудсан гэхэд  болох юм.

Удахгүй мөнөөх намрын дунд сарын шинийн арван таван болно.

Өвс хадлангаа базааж аваад, айраг сүүгээ хурааж дуусаад, гүүгээ тавьж барлах ёслол гэдгээ айл саахалтаараа хийж шувтрахын алдад үлгэр домгийн юм шиг нэгэн гайхалтай шөнийг тэмдэглэцгээдэг. Шинийн арван тавны саран чанх дээр мандах дүн шөнө Орхоны усанд бүсгүй хүн ордог. Тэгж орсон бүсгүй хамаг л өвчин зовлонгоо үлдээж, ариусдаг юм байх. Намрын даргисан хүйтэн голд авгай хүүхнүүд нь үс гэзгээ задлан  орцгоож уснаас гарч ирэнгүүт нь эрчүүд нь халхгар том дээлэндээ ороон авч, шөнөжин тэндээ дуулалдан наргицгаадаг гэх. Ийм нэгэн сонирхолтой үйл явдлыг нүдээр үзэх гэсэн хүслэн Сайханы зүг салхи татуулан давхих шалтгаан минь болж, нэг намар би тийшээ зорьсон билээ.  Дөнгөж ноднин болсон явдал ч юм шиг, үйл явдал нь өнгө будагтайгаа тунаран орж ирж байна.   

…Тэмдэгт шөнийн урд өдөр сумын төвд хүрлээ. Булганы хойд талын сумдын сургуулиуд Сайханы төвд цуглаад урлагийн бага наадам гээчийг тэмдэглэж байгаа гэнэ. Машин тэрэг хөлхөлдөөд ерөнхийдөө энэ жижигхэн суурин хөдөлгөөн орчихжээ. Таараад амар мэнд мэндсэн эхний хүн л “за, усанд орох гэж явна уу” л гэх. Дээрх учралын сураг хол  ойргүй түгэж, тэмдэгт шөнийг үзэхээр тэр сууринг зорьдог машин тэрэгний цуваа олширсон бололтой. Айрагны сав  ачсан машинууд хөтөл дээгүүр даван орж ирсээр л байв. Ийнхүү  сумын төвийн нэгэн үдэш яах ийхийн зуургүй өнгөрч, товлосон өглөө гадаа ирчихсэн жингэнэж байлаа.

Орой Орхон дээр уулзъя гэх гоёхон болзоо гудамжаар дүүрэн. Хүмүүсийн яриаг чагнаж байхад бүгдээрээ л тэнд нүүж очих нь уу гэмээр.

Гэвч энэ өдөр ер бусын хүйтэн байсанд сэтгэл жаахан түгшиж байлаа. Ийм хүйтэн байхад усанд яаж орцгоодог юм бол. Хүмүүс тийшээ очихгүй байвал яанаа.

Би чинь тэрийг л үзэж харах гэсэн саваагүй хүсэлд хөтлөгдөн байж, тэртээгээс наашаа жирийсэн хүн шүү дээ.

Намрын дунд сарын шинийн арван таван. Ингээд хүрээд ирдэг байжээ.

Энэ  ертөнцийн хамгийн гоо шөнө. Монголын хамгийн урт, хамгийн хүйтэн, хамгийн цуутай гол. Эргийнх нь хоёр талаар энд тэндгүй гэрэл улалзана. Ороож урссан Орхоны хөндий энэ намрын хамгийн тансаг шөнөө угтаж байгаа нь энэ.

Арван тавны сар Орхоны дээрээс  асгарч харагдана. Айраг цагаагаа базааж, ааруул ээзгийгээ хүүдийлж аль байдгаараа бэлдэж бэлдэж ирсэн атлаа сар дээшээ мандах тусам авгай хүүхнүүд  шөнийн голын хөвөөнд  яанаа, ийнээ болон айлгүйтцгээх нь цаанаасаа л зохисон, сонжиж шоолохын аргагүй сонгодог явдал юм шиг. Угаасаа л орох нь тодорхой. Усанд орох гэж ирсэн нь үнэн атлаа нудралцан тас тас хөхөрцгөөж цаанаа л нэг намжиртай аяглацгаах нь бүсгүй хүний байгалийн шинжийг ядаж цөхөх юмгүй ил тодхон үзүүлээд л, би өөрөө эмэгтэй хүн биш юм шиг л тэднийгээ гаднаас нь сонжин инээвхийлж суулаа. Гайхалтай юм аа…

Тэгж байснаа уруул чимчигнүүлсэн намрын ид шидтэй  айраг дотрыг нь бас чимчигнүүлэв үү гэлтэй өнөө хүүхнүүд шаагилдан дээл хувцсаа тайлцгааж, шөнийн Орхоны урсгалд галбираа зурцгаасаар явж орцгоодог юм байна. Голын урсгал руу өлмий дээрээ цөмцгөнөлдөн  орж яваа тэр хүүхнүүдийн дээр энэ ертөнцийн хамгийн гоё сар мандаж, байгаль дэлхий эгэлгүй нэгэн зургаа буулгаж байлаа.

Асгарсан цагаан сарны туяатай хамт Орхоны урсгал долгилж, эрэг рүү нь хэсгээрээ шуугилдан орж яваа суурингийн хүүхнүүд сүрэг цагаан хун шиг гоо үзэгдэнэ.

Намрын дунд сарын шинийн арван тавны шөнө ертөнцийн гоо сайхан үүдээ нээх  ч агшин юм шиг. Хацар нүүрийг шөнийн хүйтэн салхи жингэнэн ороолгож, өвс ногоо шүүдэр татан дарайж, голын ус нүцгэн биеэрээ гүйгээд ороход байтугай хуруу дүрэхэд осгоочихмоор жихүүн шөнө суурингийнхан тэнд цуглараад зузаан дээлэндээ ороогдон хултай  айрган дотроо сарыг  тунарсан цэнхэр туяатай нь хамт аягандаа хөвүүлэн ууцгааж сууна.

“Энэ ертөнцийн хамгийн нажидтай амьтан бол бүсгүй хүн юм шүү дээ. Намрын дунд сарын шинийн арван тавны сар чанх голлохдоо Орхоны урсгалд хамгийн сайн энергээ асгадаг. Ийм үед нь эмэгтэй хүн орж  сэтгэлийн  тамаа Орхоны урсгалд сэгсэрч орхиод гарвал сайн. Орхоныг эр гол ч гэдэг. Бүсгүй хүнд сайн гэж ярьдаг дом эндээс эхтэй биз”… хэмээн нэг авгай   хуучилсан. Бүсгүй хүн сэтгэлийн тамаа сэгсрээд гардаг байх даа ч яахав дээ. Үг ч гэж үг. Шөнө ч гэж шөнөө. Цээжиндээ ийм гайхалтай цэц тээж явдаг ард түмэн монголоос өөр хаа ч таарахгүй санагдана.

Хорвоо ертөнц гараараа барьж аваад ч итгэхийн аргагүй түмэн янзын илбэ жидтэй. Тэрний нэг нь энэ байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч байсан хожим нүдэнд харагдаж, сэтгэлд үзэгдэн, басхүү дурсамж хөглөн байх  гайхам сонин дүр зураг надад лав нэгээр нэмэгдсэн.

Сайханыг сайхан болгож байдаг суурингийнхны халуу оргисон тэр амьдралд шингээд үлдчихмээр ч юм шиг.

Газар дэлхийгээ ухан төнхөж, хамаг баялгаа бульдозердон авч буй, хэрүүл тэмцэлтэй, цөвүүн гэмээр энэ үед ард түмэн аргаа бараад өөртөө жаргал зохиож байна уу гэсэн эргэлзээ ч төрөх шиг .

Том цагаан саран аажуухан доошилж байлаа.

Ай хө… Асгаруулан чиг уйлаад яах вэ…
Амар болоод мэнд л суувал уулзана шүү дээ алдрай минь…


Эрсийнхээ энгэрийг налж халамцсан хүүхнүүд ийнхүү дуулж байна. Эрх ч амьтад юм бол доо...

Энэ бол тэдний бий болгосон ертөнц, тэдний цуглуулж яваа аз жаргал. Амьдралаа гоё болгохын тулд бодож олсон үлгэрийн цаг нь гэж би өөртөө шивнэсэн. Угаасаа ямар нэгэн төр засаг биш аливаа нутаг нугынхан өөрсдийн гэх гоо сайхныг өөрсдөө л бүтээдэг шүү дээ.   

Өнөө жилийн тэр өдөр удахгүй тохионо гэнэ.

Одооноос л хөлд хий ороод, дахиад нэг явчихмаар ч юм шиг, ахиад нэг оччихмоор ч юм шиг адын хүсэл төрнө.

Манхан цагаан саран магнай дээр нь гийж байхад, манай хэд  ирчихсэн дүнгэр дүнгэр хүүрнэлдэж байхад, гялбалзсан шөнийн туяа уснаас нь ч тэнгэрээс нь ч ойж байхад нь, гялтайсан шаргал хуйхыг жигтэйхэн нямбай хувааж байхад нь буугаад нэг очихсон…

2010 оны 09 сар



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив