Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Чөрчилл
2013 оны 1 сарын 16 [Уншсан тоо: 75145]
ФРАНСУА БЕДАРИДА

ЧӨРЧИЛЛ


Хүн болгон амьдралынхаа тэнгэрлэг мөчийг
үзэх гэж төрж, төлөвшдөг болой.


Албэр Коэн, Английн Чөрчилл, 1943 он

 ХХ зууны улс төрийн бодлогын аварга хүмүүн Винстон Чөрчилл эх орон нэгтнийхээ болон харийнхны бодол санааг байнга догдлуулж ирсэн билээ. Домогт ерөнхий сайдыг амьд ахуйд ч тийм байсан, нас барснаас нь хойш энэ сонирхол улам даамжирсан байх. Францын ерөнхийлөгч генерал Дэ Голл нэг удаа Английн парламентад ёслолын үг хэлэхдээ түүнийг “Аугаа их Чөрчилл” хэмээж, наян настай ахмад андынхаа нүдэнд нулимс хуруулж байсан юм. Цэрэг, сэтгүүлч, депутат, улстөрч, зохиолч, зураач, түүхч, уран илтгэгч, төрийн зүтгэлтэн – энэ бол бүгдээрээ Чөрчилл. Тэрээр урт удаан наслахдаа цөөнгүй яруу тод үйлс бүтээсэн, түүний гавьяа зүтгэлийг байж болох аливаа шагналаар нэг бус удаа хөхиүлэн сайшаасан.

Английг жолоодож байсан язгууртны сүүлчийнх нь асан Чөрчилл зөрчлөөр нэхэгдсэн ер бусын хүн байсан, тэр бол романтик хэрнээ бодит үзэлтэй, зарчмаасаа урвадаггүй нэр төр дээдлэх үзлийн боол, харилцан буулт хийхийн ашиг тусыг хүлээн зөвшөөрдөг адал балмад явдалтан. Түүний толгойд суут санаа оноо ёстой үүрлэж байдаг боловч хөнгөн гоомой загнахаасаа сийхгүй. Чөрчилл хувийнхаа уран төсөөлөлд хөтлөгдөн төөрөлдөх явдал гардаг байсан ч оюун ухааны дуу хоолойг дуулгавартай сонсож, хэрсүү ухааны хэлж өгсөн зөв замд гарч чаддаг байлаа. Улс төрийн баялаг туршлага, гуйвшгүй эх оронч үзэл, бэлэн цэцэн ярих төрөлх авьяас, сэтгэхүйн асар их эрч хүч гэхчлэнгийн олон тооны даамай хөзөр нь Чөрчиллийг мах цусанд төрсөн жирийн хүнээс дээгүүр тавьж, түүнийг бусадтай хэдийчинээ төсгүй билээ төдийчинээ шохоорхол татам болгосон билээ. Улс орноо аврах зорилгоор өөрийг нь Тэнгэрээс илгээсэн гэдэгт өөрөө ч итгэл төгс байжээ. Чөрчилл гайхалтай зөн совинтой, мөн тийм хэмжээгээр жин банг цэгнэх мэдрэмж нь дутаж байсан. Гэнэтхэн толгойноос салахгүй ээлжит нэг санаа байж ядтал нь эзэмдсэн бол ажилгүй байсан гэвэл төдий чинээ хариуцлагагүй, засгийн эрхэнд байсан гэвэл төдий чинээ харгис болдог байжээ. Чөрчилл бол туйлшрагч, хавь тойрныхоо хүмүүстэй дэндүү хатуу харьцдаг хэрнээ юмыг нэн эмзэг тусгадгаараа хүний гайхшийг барна. “Винстоны зөв байгаа бол түүнийг дуурайхын аргагүй. Харин мань хүн алдаж байгаа бол – ээ Бурхан зүг орой!”1 гэсэн үгийг лорд Биркэнхэд хэлсэн гэлцдэг. Хязгааргүй аминч үзэлдээ идэгдсэн Чөрчилл ажил явдалдаа төмөр мэт зүрх зориг, хувиршгүй дайчин чанар гаргана, түүний бүх ялалт, ялагдал үүнээс үүдэлтэй. Нэмэрт нь гаж хямралт зантайн учир Чөрчилл нэг бол гутрал хямралд автана, нөгөө бол дэвэрсэн биш юм гэхэд жигтэйхэн догдолсон байдалд орно.

Даанч, энэ ер бусын хүний од улс төрийн тэнгэрийн мандалд нэг их удаан гийхгүй хувь төөрөгтэй байж л дээ. Жишээ нь, генерал Дэ Голлийг аз нь хавьгүй илүү түшсэн байдаг. Түүний хувьд 1940 оны хавар, түүнчлэн дайны жилүүд айхтар хүнд байсан хэдий ч сорилт шалгалтын бартаат зам түүнийг Тавдугаар бүгд найрамдах улс руу хүргэсэн юм. Тэгвэл Чөрчиллийг 1951-1955 онд засгийн эрхэнд эргэж ирэх замд түүний яруу алдрын жаргаж байгаа нарны сулхан туяа тусч байлаа. Урьд өмнийн эрч хүч оргилсон Чөрчилл гэж танихад бэрх болчихсон ерөнхий сайд чинь өнгөрсөн үеийн хүн шиг, бүр тэндээ хоцорсон хүн шиг байсан. Гэхдээ ямар ч байлаа гэсэн 1940-1945 оны таван жилийн сорилт түүнийг гандан бууршгүй суу алдартан болгосон юм. Энэ таван жилийн хугацаанд чухамхүү мань хүн л нацист Германыг дарсан ялалтын гол дархан байсан, чингэснээр Чөрчилл ХХ зууны аугаа хүмүүсийн цомогт орж, тэнд үүрд үлдэх боломжтой болжээ.


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив