Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид
2012 оны 12 сарын 19 [Уншсан тоо: 78148]
Энэ удаа бид XX зуун, XXI зууны эхний 10 гаран жилийн улс төрийн ерөнхий хандлага, төрх зургийг гаргахын тулд газар зүй, эдийн засгийн чадавхи, улс төрийн чиглэлээр нь төлөөлөн үзүүлэхийг чармайлаа. Гэхдээ дэлхийн II дайнаас хойшхи, тэр дундаа ХХ зууны төгсгөл, шинэ зууны эхэн үеийн зүтгэлтнүүдийг голлохыг зорилоо.

ХХ зууны улс төрийн түүхийг харах ахул тоталитаризм, фашизм, коммунизм, ардчилал, үндсэрхэг гэсэн хэдхэн төрөлд багтсан урсгалуудын хоршсон  ажиллагаа, сөргөлдөөн тэмцлийн төрх харагдаж байна. Үүнээс фашизм нь өнгөрсөн зууны эхний хагаст үүсээд төгсгөл болсон бол үндэсний–эрх чөлөөний болон үндсэрхэг үзлийн хандлага 1950,1960-аад оны үеэс эрчимжээд удах тусам улам хүчээ авсаар өнөөг хүрсэн байна. Харин коммунизм ХХ зууны эхэнд төрж адагт нь төгсгөл болсон.

ХХ зууны сартваахиуд бүлэгтээ ХХ зууны эхний хагаст амьдарч байсан аваргуудаас түүж орууллаа. Карл Маркс нь хэдийгээр манай ХХ зуунд амьдарч байгаагүй боловч урьдчилан бүтээсэн үзэл онолыг нь хэрэгжүүлэх тэмцлийн зуун байсан тул түүний хөргийг эхэнд нь тавьж байна. Чухам эндээс л Италийн фашизм, Германы нацизм, Оросын большевизм, Европын социал-демократизм үүсэн, өөр хоорондоо тэмцэлдэн улс төрийн бүхэл бүтэн зураглал үүсгэжээ. Гэхдээ эхний бүлэгт коммунист, фашист, консервативч, ардчилагч, шинэчлэгчдийн аль алин нь багтсан. Дэд бүлэгт Пол Пот шиг улайрсан коммунистаас эхлээд Хрущев, Дэн Сяопин, Горбачев шиг шинэчлэгчид,  “Хүйтэн дайны”г дуусгагч Рональд Рейган, Маргарет Тэтчер нарын зэрэг олон зүтгэлтэн орлоо. Гутгаар бүлэгт улс улсаараа хоршиж бичигдсэн улс төрчид бий. Улс төрийн бодлогынх нь залгамж чанарыг бид харгалзан, нэгээс нь нөгөөг ургуулан гаргах маягаар заримыг нь бичлээ. Хоёр зууны зааг үед түүхэнд эерэг, сөрөг чухал үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтнүүд энд гол төлөв багтсан. Сүүлийн бүлэгтээ хувь заяа нь эмгэнэлтэйгээр дууссан экс–социалист орнуудын удирдагчид, мөн цэцэглэн буй шинэ маягийн зүсээ хувиргасан коммунистуутыг орууллаа.

Базаж хэлбээс дан эерэг дүр бүтээхийг зориогүй, дэс дараалал дээр ач холбогдол өгөөгүй. ХХ ба XXI зууны улс төрийн зүтгэлтнүүдийн аль томхоныг, аль нөлөөтэйг нь онцолж авах хандлагыг ерөнхийдөө баримталлаа.

Хоёр зууны зааг үед, шинэ зуун гараад дэлхийн  түүхийг баяжуулсан үйл явдал чамгүй ихээр өрнөж, олон улсын харилцааны агуулга, дүр төрх эрчтэй өөрчлөгдөж шинэчлэгдэж байгааг харгалзан үзээд нэмж засварласан хамтын бүтээлээ “Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид” хэмээн нэрлэлээ.

Зохиогчид

УГО ЧАВЕС БА ТҮҮНИЙ НӨХӨД


“Дөл бадарсан тив” (“Пылающий континент”–Зөвлөлтийн нэрт найруулагч Роман Кармены бүтээл) хэмээх 1970-аад оны зөвлөлтийн нэгэн баримтат киног зарим хүмүүс санаж байж магад. Тэр нь Баруун Европ, Умард Америкаас тэс өмнөө хөгжлийн зам сонгон авсан социалист Кубын замаар замнаж яваа Латин Америкийг сурталчилсан кино байж билээ. Кинонд үзүүлснээр бол энэ тив Америкийн импиериализмын эсрэг эрх чөлөөний хувьсгалын галд шатаж байлаа. Гэм нь тэгсгээд Чилид Ардын нэгдлийн засгийн газар унаснаар тэр тэмцлийн сураг тасарсан даа.

Гэтэл антиимпериалист нэгдсэн фронт гэгчийг байгуулж, бөмбөрцөгийн баруун хагаст түрэмгийчүүдийг эсэргүүцэх тухай Венесуэлын Ерөнхийлөгч Уго Чавесын цоо шинэ онол шинэ зууны эхээр гарч  ирэх нь тэр. Тэр шинэ онол гэдэг нь угаасаа Симон Боливарын хувьсгалт үзэл санаа байсан ба түүнийг хуваалцах хань хамсаатнууд нь ч хөрш орнуудаас нь хурын дараахи мөөгний хүрээ шиг бөөнөөрөө төрөн гарч иржээ...

АУГУСТО  ПИНОЧЕТ
 


Уго Чавес ба түүний нөхдийн эсрэг дүрд тохирох нэгэн бол Чилийн дарангуйлагч агсан Пиночет яах аргагүй мөн. “Дөл бадарсан тив”, “Чили: Тэмцэл, түгшүүрийн цаг үе”,   “Камарадос–Нөхөр минь”,  “Корваланы сэтгэл зүрх” зэрэг кинонууддаа найруулагч Р.Кармен энэ нөхрийг ёстой чөтгөр шуламын ертөнцийн төлөөлөгч, эрлэг номун хаан мэтээр дүрсэлсэн байдаг. Чухам тэр дүрээрээ монголын ахмад, хижээл насныханд төсөөлөгдөн үлдсэн байж болно.  Тэгэхдээ яг хэрэг дээрээ тийм аюумшигт махчин байв уу?

Баривчилгаа, яргалал, харигислал Чили орныг нөмөрлөө. “Улааны тахал” гэгч аюулын эсрэг хамгийн түрүүн тэмцлээ. Пиночетын өөрийнх нь хэлсэн үг байна: - Манай бүх дайснуудаас хамгийн гол, аюултай нь коммунист нам мөн. Улс даяар зохион байгуулагдахаас нь өмнө одоо л бид түүнийг нураан устгах ёстой. Хэрэв бид тэгж чадахгүй бол тэд эрт орой хэзээ нэгэн цагт биднийг устгана гэв. 1973 онд Пиночетын амаар хэлэгдсэнээс бус, зөв л хэлжээ. Үнэндээ коммунистууд засгийн эрх авсансан бол ямар яргалал дагалдахыг Куба бэлхнээ харуулсан...   

ТӨВ АЗИЙН ЖОЛООДОГЧИД



Коммунизм нурсны дараа СССР-ийн орон зайд айхтар том “хар нүх” үлдэж, тэр цоорхойг бөглөхийн тулд геополитикийн шинэ тулаанд АНУ явж орох ёстой гэсэн санаагаар З.Бжезинскийн номлосон нь дээрхи “хувьсгалууд”-аар хэрэгжээд байна уу? Гүрж, Украинаас гараагаа авсан тиймэрхүү “революция” гэгчийн хуулбар  Киргизстан, Молдова, Армен, магадгүй Казахстанд өрнөх тухай америкийн судлаач Жереми Пэйж гэгч тухайн үед ("The Times", 2005.02.21) бахархалтайя прогноздож байлаа. Түүнийхээр бол, мөн оросуудын үзэж байснаар дараагийн хувьсгалууд ирээдүй цаг дээр Молдавт “виноградная”, Арменд “абрикосовая”, эсвэл “коньячная”, Азербайжанд “баклажанная”, Киргизэд “тюльпановая”, Оросын тасархай Калининград мужид “янтарная”, Беларусьд “картофельная” гэхчлэн тодотголоор өрнөх байлаа.

СССР-ийг тарааж, суурин дээр нь 12 улс Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Тоталитари коммунист дарангуйлагч дэглэмтэй нэг их гүрэн задраад оронд нь тус бүртээ иргэний автократ дэглэм бүхий 12 улс үүслээ гэсэн үг. Мөр мөрөө хөөсөн тэр үед Ерөнхийлөгчийн засаглал сонгохоос өөр нөхцөл тэдэнд байгаагүй, үндэсний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал нэн чухлаар тавигдсан, одоо ч хэрэгтэй байгаа нөхцөлд дөнгөж тусгаар тогтносон шинэхэн улс үндэстнүүдэд ардчиллаас илүүтэй, ямар нэгэн “Үндэсний эцэг” хэрэгтэй байсан нь мэдээж. Тиймдээ ч тэр дүрдээ Ельцин, Назарбаев, Акаев, Каримов, Ниязов, Рахмонов, Алиев, Лукащенко нар дүүрэн тэнцсэн ба тэнцсээр ч байна...

КИМ ИР СЭН



“Сүүлчийн коммунистууд” бүлэгтээ угсаа залгамжилсан коммунист улсыг үндэслэн байгуулагч, үргэлжлүүлэгч, залгамжлагч эцэг–хүү–ач хүү гурвыг нэг дор орууллаа. Иргэний автократ дэглэмтэй, тэр нь тоталитари, дарангуйлагч, партократ шинжийг давхар агуулсан дорно зүгийн нэгэн этгээд өвөрмөц улсыг тэд буй болгоод жолоодож байна.

“Их эцэг” Кимийн" нас нөгчсөний нэг жилийн ойгоор БНАСАУ-ын албан ёсны суртал нэвтрүүлгийн тараасан нэгэн мэдээг ямар ч нэмэлт тайлбаргүйгээр эшлэе. Саран дээр талийгаач Ерөнхийлөгийнх нь дүр хоёр цаг хэртэй ажиглагдлаа гэсэн шуугиант мэдээг тэд даян дэлхийгээр нэг цацжээ. Солонгосын ард түмний эцэг индэр дээр эсгий бүрх малгай өмсчихсөн зогсоод, баярлан бахдсан олон түмэн тийш гар өргөн мэндчилж байсан гэнэ. Оройн 22.30 цагаас шөнө дунд хүртэл үхэшгүй мөнхийн дүрийг нь Хойд Солонгосын ард түмэн огторгуйгаас  ажиглан харж зогсчээ. “Хүмүүс нөхөр Ким Ир Сэнийг ихэд санан байгаагаа барьж чадахгүй байлаа. Их жолоодогч саран дээр одоод, тэндээс улс орныхоо бүх хүнийг хайрлаж байна. Үнэхээр манай жолоодогч тэнгэрээс бууж ирсэн байжээ” хэмээн мэдээний төгсгөлд өгүүлжээ...




БИНЬЯМИН НЕТАНЬЯХУ 


Израилийн хошой Ерөнхий сайд нарын нэг Биньямин Нетаньяху мөн л Хаант Оросоос гаралтай. Түүний эцэг Литвийн еврей Бенцион Нетаньяху нь түүхийн профессор, Ликудын үзэл санааг үндэслэгч Зеэв Жаботинскийн нарийн бичгийн дарга явсан. Бенцион гуайнх 1950, 1960-аад онд АНУ-д шилжин суурьшиж тэнд ажиллах болсноор Биньямин хүүгийн үзэл бодол төлөвшиж чухам америкжсан жүүд болж өсчээ. Дунд сургуулиа дүүргэсэн тэр залуу 1967 онд төрөлх нутагтаа эгэн ирж, армид алба хаахдаа Жанжин штабын дэргэдэх хорлон сүйтгэх элитийн ангид алба хааж, дайсны нутгийн гүнд хэд хэдэн нууц шуурхай ажиллагаанд оролцож хоёр удаа шархаджээ...


 
Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах түүний төлөвлөгөө бол тун ойлгомжтой. Хязгаарлагдмал эрх бүхий палестины төр улс байгуулахыг зөвшөөрнө. Гэхдээ палестинчууд Израилийг жүүдийн ард түмний гэр орон гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Израилийн аюулгүй байдлыг баталгаажуулах ёстой, Израилийг аюулгүй байлгана хэмээн олон улсын зүгээс баталгаажуулах ёстой. Ердөө л энэ. Өөрөөр хэлбэл цэрэг зэвсэггүй ирээдүйн Палестин улс, тэр нь хагас бүрэн эрхэт, Арабын бүх орноор Израилийн жүүдүүдийг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага энд хослон байна. Ийнхүү Нетаньяху Израилийн эрх ашгийг тууштай улайран хамгаалагч гэдгээ энэхүү төлөвлөгөөндөө томъёолжээ...  


"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив